"Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын эх бичвэр"-ийг Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүлээлгэн өглөө
2023.02.10

"Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын эх бичвэр"-ийг Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүлээлгэн өглөө

Өнөөдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг олгох, удирдах ажилтнуудад манлайлах ур чадвар олгох сургалтыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын төв, орон нутгийн албан хаагчдад зохион байгуулж байна. Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатарын хамтаар энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын эх бичвэрийг албан ёсоор хүлээлгэн өглөө.

Шинэ төрлийн гэмт хэргүүдийг илрүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох, процессын хуулиудын уялдааг хангах шаардлагын хүрээнд Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг хэсгийг 2017 онд байгуулсан байдаг. Удаан хугацаанд дуншиж, судалгаа, боловсруулалт нь маш нарийн хийгдсэн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулах ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хууль хэрэгжүүлж эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг маш цөөхөн тохиолдолд нөхөн төлүүлсэн тохиолдол бий. Үүнийг хянан хэлэлцэх эрх зүйн зохицуулалт байхгүй байсантай холбоотой байсныг шинэчилсэн хуулиар зохицуулсан. Мөн тоон технологийн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлж, шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчин хумигдмал байсныг нарийн тодорхой болгож өгсөн.

Хамгийн чухал нь, Шүүх шинжилгээний байгууллагын бие даасан, хараат бус байдлыг бий болгох хүрээнд тогтолцоог сайжруулах, чиг үүргийг тодорхойлсон бүтцийн өөрчлөлтийг хийж алба хаагчдын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зохицуулалтуудыг хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, хуучин 6 бүлэг 45 зүйлтэй байсныг 11 бүлэг 81 зүйлтэй болгон өөрчилсөн.

Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээрээ Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид цагдаагийн цол, хувцас хэрэглэл хэрэглэж байгаа ч чиг үүргийнхээ хүрээнд шинжлэх ухааны тусгай байгууллага болон хөгжих хууль эрх зүйн орчныг бий болгож чадсан юм.