Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр цаг үеийн асуудлаар ярилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж маргааш Давосын чуулга уулзалтыг зорих гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдыг хүлээн авч уулзан цаг үеийн зарим асуудлаар санал солилцлоо.
Юуны өмнө манай оронд тулгамдаад байгаа зудын асуудлаар ярилцав. Ерөнхийлөгч хэлэхдээ, “Зудын байдалтай байгаа энэ үед үр дагаварыг урьдчилан тооцоолж малчдыг малжуулах, малчдад туслах олон нийтийн тусламжийн аян өрнүүлэх, хамгийн гол нь малчдаа, хүнээ бодож тэдэнд онцгой анхаарал хандуулах хэргтэй” хэмээгээд, ингэснээр ХАА-ын бодлогыг бүхэлд нь шинэчилж хэрэгжүүлэх нь чухлыг онцолсон юм.
Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеийн байдалтай холбогдуулан Ерөнхий сайдын авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд эх нялхсын эрүүл мэндийн асуудалд хүндрэл учирсан энэ үед Дөрөвдүгээр төрөх эмнэлэгийн төслийг яаралтай хэрэгжүүлж төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх талаар Ерөнхий сайдад зөвлөлөө.