2010.01.14

С.Эрдэнэ: Үр дүн нь гарахгүй бол хамтарсан Засгийн газрын эсрэг хатуу тэмцэнэ

УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭТЭЙ ярилцлаа.

-УИХ шинэ оны босгон Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх холбоотой тогтоолын төслүүд болон уг сангийн журмыг баталлаа. Хоёр намын сонгуулийн амлалтын хүүхэд, өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртэхээр болж байна. Тэдэнд олгох мөнгөний хэмжээ 30 мянга байсныг 70 мянга болгосон нь улс төрийн зорилготой байв уу?

-Иргэн бүрт олгох нийт мөнгөний хэмжээ нэмэгдээгүй. Ирэх оны төсөвт сууж Хүний хөгжил санд хуваарилагдах мөнгөний хэмжээг хүн амдаа хуваахад нэг хүнд 120 мянган төгрөг ногдохоор байгаа. Харин үүгээр улс төр хийх сонирхолтой хүн олон байна. Тэд иргэн бүрт олгox мөнгөний тоог нэмэгдүүлэх, үүгээрээ нийгэмд таалагдах гэж хичээж байна. Тийм хүмүүс Хүний хөгжил янгаас олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүл гэсэн санал гаргалаа. Би энэ талаар зарчмын өөр асуудалтай байгаа. Улсын төсөв гэдэг хууль байдаг. Тиймээс төсөвт батлагдсан мөнгөний хэмжээг дур мэдэн өөрчилж болохгүй. Тэгэхээр хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Хэн нэгэн хүний хэлснээр Хүний хөгжил сангаас олгох мөнгийг 500 эсвэл 600 мянгад хүргэж чадахгүй.

-Уг нь засгийн эрх барьж буй хоёр нам 120 мянга бус нэг сая, 1.5 сая төгрөг иргэн бүрт бэлнээр олгоно гэж амласан. Тэр амлалтаа биелүүлэхээр Хүний хөгжил санг байгуулсан гэж ойлгож байгаа шүү дээ?

-Хүний хөгжил сангийн тухай хуулийг анх батлахад би арай өөрөөр харж байсан. Одоо ч тэгж харж байгаа. Энэ бол аливаа нэг улс төрийн намын хавтгайрсан амлалтыг биелүүлэх зорилготой хууль биш. Иргэд, сонгогчдын хувьд ашигт малтмалын салбараас улсын төсөвт орж ирж байгаа орлогоос хувь хүртэх, газрын хэвлийн баялаг Монголын ард түмний өмч байна гэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд байгалийн баялгаас хувь хүртэх асуудлыг зохицуулах хууль. Зарим хүн үүнийг улс төрийн намын амлалт биелүүлэх зорилгоор ашиглах гээд байна. Би үүний эсрэг байгаа. Энэ хуулийн үндсэн зорилго, агуулга огт өөр юм. Монгол оронд маш их байгалийн баялаг, ашигт малтмал байна. Гадаад дотоодын томоохон эрдэмтдийн үзэж байгаагаар Монгол Улс ашигт малтмалаа зөв ашиглаж чадвал ирэх жилээс эдийн засаг асар хурдтай өснө. Ойрын арван жилд Монгол дэлхийд гайхагдах хэмжээнд хөгжих боломжтой. Ийм боломж байгаа бол үүнийгээ зөв харж ажиллах ёстой.

-Цагаан сарын өмнө хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 70 мянган төгрөг олгож амжих уу?

-Нийгмийн эмзэг хэсгийнхний амьдрал хүнд байна. Ажлын байр нэмэгдэхгүй байна. Эдийн засгийн хямралаас болоод өөрсдийгөө арай гэж авч явсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид дампуурлаа. Ханиад томуу гээд зарим зах, худалдааны төвийг нэг хэсэг хаанаас тэнд ажиллагчдын амьжиргаа хүндэрсэн. Тиймээс иргэд маань хүний гар харалгүй Цагаан сараа тэмдэглэчих хөрөнгө орлоготой байг гэдэг үүднээс би энэ асуудлыг дэмжсэн. Эхний ээлжид 956 мянган хүүхэд, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 298 мянган ахмад настан, Халамжийн сангаас тэтгэмж авдаг 52 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүүхдийн мөнгөний дэвтэр, тэтгэврийн дэвтрийг нь үндэслэн бэлэн мөнгө олгох боломжтой гэж үзсэн. Ер нь Хүний хөгжил сангаас иргэддээ хувь хишиг хүртээх тухай ярихад иргэний бүртгэлийг сайжруулах асуудал зайлшгүй тавигдаж байна. Хүний хөгжил санд төвлөрсөн мөнгийг олгоод эхэлье гэхээр иргэний бүртгэлийн давхардал маш их байгаа. Өнеөдөр дөрөв таван иргэний үнэмлэхтэй хүн байж л байна. Сонгуулийн үеэр мэргэжлийн байгууллагууд ялангуяа иргэний бүртгэлийн байгууллагууд хэт улс төрждөг. Тэд улстөрчид, хэсэг бүлгийн явуулгаар иргэний үнэмлэхийг хуурамчаар үйлдвэрлэж тараадаг. Энэ нь улс орны аюулгүй байдал, эдийн засагт хүндрэл үүсгэж байна. Үүнийг тооцож үзэх хэрэгтэй.

-Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд иргэний бүртгэлийг сайжруулах тухай УИХ-ын тогтоолыг баталсан. Тиймээс бүртгэлээ цэгцэлсний дараа 120 мянган төгрөгийг олгоно гэж ойлгож болох уу?

-Тийм. Сая иргэний ухаалаг үнэмлэхийн асуудлыг УИХ-аар хэлэлцэх байсныг хойшлууллаа. Энэ талаар би хатуу байр суурь илэрхийлсэн. Монгол Улс иргэдээ тоолж, бүртгэлжүүлж чадахгүй бол энэ нь цаашид үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлнө. Хэн нэг Ли, Лү овогтод Монгол Улсын иргэний үнэмлэх хэдэн арваараа байж байна. Иргэний бүртгэл хэт замбараагүй байна. Нөгөө талаар одоогийн иргэний үнэмлэх шаардлага хангахгүй байгаа. Тиймээс иргэний ухаалаг үнэмлэхэд шилжих ёстой. Ийм үнэмлэхээс тухайн иргэний тухай найм есөн төрлийн мэдээлэл авч болдог. Ингэснээр олон шат дамжлага, хүнд суртлыг арилгана. Хорооноос тодорхойлолт авах гээд хэчнээн чирэгдэл болдог билээ. Энд тэнд очиж Монгол Улсын иргэн гэдгээ баталгаажуулах гэж ядардаг. Тэгвэл иргэний ухаалаг үнэмлэхэд эзэмшигчийн биеийн өгөгдөлтэй. Хурууны хээгээр баталгаажсан байдаг. Түүнийгээ программд оруулахад бүх мэдээлэл гардаг, баталгаатай эрсдэлгүй гэдгээрээ онцлог.

-Тэгэхээр иргэний ухаалаг үнэмлэхийг хийж байж бүх иргэндээ 120 мянган төгрөгийг нь өгөх үү?

-Тийм агуулгаар ярьж байгаа. Гэхдээ иргэний ухаалаг үнэмлэх олгоход бэлтгэл ажилд нь зургаан сарын хугацаа шаардлагатай. Тиймээс эхлээд иргэдээ үнэн, зөв бүртгэлжүүлж байя, тэр хооронд иргэний ухаалаг үнэмлэхэд шилжих бэлтгэлээ хангая гэдэгт байр суурьт нэгдсэн байнгын хороод дээр ярих үед хэн нэгний бизнесийг дэмжиж, хувийн компанид нь давуу эрх олгох нь гэх мэт хардлага, шүүмжлэл гарч байсан. Мөн мэдээллийн дата сан байгуулах асуудал үндэсний аюулгүй байдалтай холбоотой учир гүйцэтгэгчийг нарийн шалгуураар сонгох хэрэгтэй гэдэг санал ч гарч байсан.

-Үүнээс болоод иргэний ухаалаг үнэмлэхийн асуудлыг эцэслэн шийдэхгүй удаад байгаа юм биш үү?

-Монгол Улсын иргэний мэдээллийн сан үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртлээ алдагдсан. Иргэдийн мэдээллийн нууцлал байхгүй болсон. Хэн дуртай нь ухаж онгичиж, захын нэг нь иргэний үнэмлэхийг хэдэн арваар нь хэвлэн тарааж байна. Энэ нь эцсийн эцэст үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд эхэлсэн. Иргэний бүртгэлийн будлианаас болж сонгууль шударга бус явдаг, тиймээс төр шударга бусаар байгуулагдаж байна. Энэ завхарлыг нэн түрүүнд арилгах ёстой. 2008 онд УИХ-ын тогтоолоор 30 гаруй тэрбум төгрөгөөр иргэний ухаалаг үнэмлэхэд шилжих асуудлыг дэмжсэн. Энэ ажлын гүйцэтгэгчээр "MCS", "Бодь" компаниуд шууд гэрээгээр ажиллахаар болсон. Сая УИХ дээр яриад ямар нэг компанид давуу эрх олгож шууд гэрээ байгуулах бус бараа ажил үйлчилгээг төрийн мөнгөөр гүйцэтгүүлэх буюу тендерийн хуулийн дутуу тиймээс одоо өмнөх шиг хардлага байхгүй гэсэн үг.

-Хүний хөгжил санд нийгмийн халамжийн тэтгэмжүүдийг төвлөрүүлснээр хүүхдийн мөнгө байхгүй боллоо. Үүнийг та дэмжиж байгаа юу?

-Хүүхдийн мөнгийг би өөрөөр харж байна. Тухайн үед нийгмийн хямрал хүндрэлийг давах, нийгмийн баялгийг шударгаар хуваарилах хамгийн оновчтой арга нь хүүхдийн мөнгө байсан. Хуучин бол нийгмийн халамжийг хуваарилахад оновчтой бодлогогүй байсан. Гадаад дотоодоос төрөл бүрийн тусламж ирдэг. Тэр нь хороо, дүүргийн Засаг дарга ч юм уу, хэн нэгний гараар ороод алга болдог байв. Ийм байдлаар асуудлыг шийдээд байх явцгүй байснаас хүүхдийн мөнгийг санаачилсан. Хүүхдийн мөнгө шударга арга хэмжээ болж чадсан. Хуваарилалт нь шударга байсан. Хүүхдийн өөрийнх нь үнэлэмж өссөн. Үүгээрээ маш зөв бодпого болж чадсан. Одоо энэ мөнгө алга болоогүй. Улсын хэмжээнд 0-16 насны 956 мянган хүүхдэд Цагаан сарын өмнө 70 мянган төгрөг олгох гэж байна. Энэ бол оны эхний долоон сарын мөнгө нь. Эдгээр 956 мянган хүүхдэд 2010 онд багтаан 120 мянган төгрөг олгоно. Тэгэхээр өмнөхөес тав, арваад мянгаар л зөрж байгаа. Шинэ гэр бүлийн 500 мянга, шинэ төрсөн хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмж нийгэмд хүртээмжтэй халамж биш байж чадаж байгаа мөнгө. Тухайн өрхөд байгаа хүүхдүүд л мөнгө авдаг байсан бол л одоо ам бүлийн гишүүн тус бүр 120 мянган төгрөг авна. Нэг өрхөд ногдох бодит орлого хоёроос гурав дахин нэмэгдэнэ. Үүнийг янз бүрээр тайлбарлаж байна. Шүүмжлэх нь шүүмжилж, дэмжих нь дэмжиж байна. Зарим хүн утопи маягаар яриад байгаа. Хавтгайрсан халамж тараалаа. Улс төрийн амлалтаа биелүүлэх гэж ийм алхам хийж байна гээд л. Хүний хөгжил санг үүнээс ангид байгаасай гэж хүсч байна. Монголд баялаг байгаа юм бол үүнийг иргэддээ яаж шударга хуваарилах вэ гэдэг нь чухал. Хүний хөгжил санг үүний эхний алхам гэж харж байгаа. Монгол нутгийн хөрсөн доорхи нүүрсний нөөц дэлхийд толгой цохиж байна. Зэс, төмрийн ордуудын нөөц, агууламжийг яривал цөөхөн монголчууд хэдэн үеэрээ идээд барахгүй баялаг байгаа. Монголын төр үүнийг зөв бодлогоор ашиглаж иргэддээ шударга хувь хүртээх ёстой.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь өнгөрсөн оны улс төр, нийгмийн гол үйл явдал байсан. Харин оны өмнөхөн Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлийг буцаалаа. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Техник эдийн засгийн үндэслэлгүй гэрээ байгуулна гэдэг хамгийн тэнэг хэрэг. Энэ бол гутлаа өмсөөд дараа нь оймсоо өмссөнтэй адил зүйл шүү дээ. Үүний цаана улс төрийн ашиг сонирхол байжээ гэдэг нь харагдлаа. Оюутолгойн гэрээг би хүлээн зөвшөөрдөггүй. Гэрээг батлах үед би УИХ-д байгаагүй. Тухайн үед иргэний хувьд энэ үйл явцыг ажиглаж, харж байсан. Маш олон боловсролтой, мэдлэг туршлагатай хүний үг яриаг сонсч байлаа. Яахаараа бидний юман дээр, манай баялаг дээр ирсэн улс тэр ордын дийлэнх хувийг аваад, бид өөрийн юмыг ашиглахын тулд манай хөрөнгийг ухах гэж байгаа хүмүүсээс зээл аваад байдаг юм. Эрүүл саруул ухаанаар бодоход нэг л ойлгомжгүй байгаа биз. Зэсийн үнэ цэн унана ч гэх шиг утгагүй зүйлийг хөрөнгө оруулагчид ярьж байна. Үгүй шүү. Ашигт малтмал удах тусам үнэд орно. Зэсийн үнэ унана гэж бодохгүй байна. Цаг хугацаа алдсан стратегийн боломж алдсан зэрэг тал бий байх. Гэхдээ байгалийн баялгийн үнэ цэн буурахгүй. Дэлхийн хэмжээнд зэс, алт зэрэг металлийн нөөц улам багасч байгаа. Нэмэгдсэн нөөц огт байхгүй. Африк, Латин Америкийн баялаг шавхагдаад дууслаа. Ийм нөхцөлд манай баялгийн үнэ цэн буурна гэдэгт эргэлзэж байна. Энэ бол хүний толгой эргүүлэх гэсэн эдийн засгийн тодорхой бүлгүүдийн нисгэж байгаа "бор шувуу".

-Та парламентын жил гаруйн хугацааг үдсэн. УИХ-ын танхимд орж ирээд гурван cap сар хэртэй боллоо. Олон нийт С.Эрдэнийн гэх дуу хоолойг хүлээж байх шиг байна?

-Өнгөрсөн хугацаанд баталсан хуулиудыг судлахаас ажлаа эхэлсэн. Тойрогтоо нэлээд ажилласан. Тойргийнхоо төр, захиргааны байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, аж ахуйн нэгж, байгууллагуудаар орлоо. Боловсрол, эрүүл мэндийн салбарынхантай мөн уулзсан. Тойрог дээр шийдэгдээгүй асуудлыг шийдэхэд анхаарлаа. Намайг УИХ-д орж ирээд шууд л чуулган дээр утга учиргүй орилоод, хашгираад унана гэж хүлээж байсан хүмүүс бий. Тэгж намайг нийгэмд хэн ч биш болгож унагах бодлого, зорилготой хэсэг бүлэг байсан. Би 20 жил улс төрд явлаа, хувь хүний болоод улс төрчийн хувьд туршлага хат суулаа. Аль юманд гэнэдэж, хавх занганд ороод өнхөрч байх вэ дээ. Гэхдээ энэ бол дуугүй сууна гэсэн үг биш. УИХ-д гурван cap хэртэй суулаа. Парламөнтын үйл ажиллагаа, гишүүдийн асуудалд хандаж байгаа хандлага, чиглэлийг төсөөлдөг боллоо. Хэлэхээс аргагүй, ярихаас аргагүй зүйлүүд олон байна.

-Тухайлбал, ямар асуудлаар ойрын үед байр сууриа илэрхийльө гэж бодож байна вэ? -Ашигт малтмалын ордууд, тэдгээрийн ашиглалт, гэрээ хэлэлцээрийн талаар дуугарна. Олон нийтийн хүсч, шаардаж байгаа нийгмийн асуудлууд дээр дуу хоолойгоо гаргана. Гэхдээ ганцаараа орилоод амжилтад хүрэхгүй. Тиймээс нөхөдтэйгөө зөвлөх, аль болох олуулаа хүчтэй дуу хоолойгоо гаргах бодлого барина. Би дарга, сайд болох гээгүй, иргэдийн төлөөлөл болох гэж парламентад орж ирсэн. Мадад ямар нэг ашиг сонирхол байхгүй. Хүмүүстэй адил надад ганц ашигт малтмалын орд, хувийн компани байгаа биш. Алдаад байх юмгүй. Ашиг сонирхлын зөрчил надад байхгүй. Тиймээс үзэл бодол, дуу хоолойгоо гаргахад эмзэглээд байх юм алга.

-МАХН, АН засгийн эрх хамтарч барьж байгаа энэ үед парламентад сөрөг хүчин үгүйлэгдэж байна. Эрх баригчид аливаа асуудлыг тохиролцоод л шийддэг боллоо. Энэ бүхэн танд таалагдаж байна уу?

-Би хамтарсан Засгийн газрыг анхнаас нь шүүмжилсэн. Ийм байж болохгүй. Сонгуулийн үр дүнгээр олонхи болсон нам засгийн эрх барих ёстой, Үндсэн хуулийн дагуу явах өстой гэдэг байр сууриа илэрхийлж байсан. Гэхдээ олонхиороо шийдэж, цөөнхөө сонсдог нь ардчиллын зарчим. АН-ын ҮЗХ-ны хурал дээр би хатуу үзэлцсэн. Зарчмын хувьд АН ийм байр суурьтай байж болохгүй, сөрөг хүчний байр суурь дээр хатуу зогсох ёстой гэдгийг хэлсэн. Сонгуулийн үр дүнд цөөнх болсон л бол цөөнхийн үүргээ биелүүлж, эдийн засгийн хямралтай энэ үед төрийг зөв, шударга ажиллахад нь хяналт тавих нь зөв байсан юм. Сөрөг хучин байна, хяналт тавина, шүүмжилнэ гэдэг бол хамтарч байгаа нэг хэлбэр шүү дээ. Миний хувьд АН сөрөг хүчний байр суурь, дуу хоолойг гаргаж, нийгмийн шаардлага, хүсэл зоригийг илэрхийлж байх ёстой гэдэг зарчим дээр хатуу зогсч байсан. Олонхиороо шийдээд хамтарсан Засгийн газар байгуулсан. Нэгэнт намын шийдвэр ингэж гарсан болохоор намын гишүүний хувьд, намын удирдах албан тушаалтны хувьд түүнийг дагах үүрэгтэй. Хамтарсан Засгийн газрыг байгуулснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрлөв. Одоо бол би нэгэнт байгуулагдсан Засгийн газрын үр дүнг харъя гэдэг байр суурьтай байгаа. Аливаа юманд хугацаа бий. Хамтарсан Засгийн газар байгуулж ажиллаад үр дүн гарахгүй бол Үндсэн хуульд заасан парламентын засаглал ямар байх ёстой вэ, тэр хэлбэр рүү явуулахын төлөө ажиллана. Үүний төлөө дуу хоолойгоо гаргана.

-Тэгвэл ардчиллын үнэт зүйлсийн тухай таны бодлыг сонсъё. Хорин жилийн өмнө хийг өнөөдөртэй харьцуулбал хамгийн том ололт юу байв?

-Өнгөрсөн 20 жилд Монголд ардчилал нэлээд бэхжиж, үндэс суурьтай болтлоо хөгжсөн гэж бодож байна. Өнөөдөр ардчиллын дуу хоолой болох ёстой АН хамтарсан Засгийн газарт ороод эрх баригчидтай хамтарч байгааг нийгэм шүүмжилж байна. Үүнийг олон нийт, сонгогчид янз бүрээр шүүмжилж байна. Энэ бол ардчиллын сонгодог хэлбэр. Бүхэл бүтэн нийгмийг өөрчлөх үйл явц Монголд хурдтай өрнөсөн, Харамсалтай нь, өнгөрсөн оны долдугаар сарын нэгэн Монголын ардчиллын хар толбо болсон. Хорин жилийн өмнө биднийг хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн тогтолцоо гэж ярихад хөрөнгөтний суртал явууллаа, социализм, коммунизмын үзэл суртлаас ухарлаа, хэний хүчинд хэн болоод юу яриад байгаа юм гээд янз бүрээр шүүмжилдэг, хууль журам байдаг юм бол эд нарыг баривчлах хэрэгтэй гэдэг байв. Өнөөдөр ардчилал, хүний эрх, шударга ёсыг ярьдаггүй хүн алга. Үүний төлөө явдаггүй улс төрийн хүчин ч алга. Энэ бол социалист хэллэгээр үзэл санааны бүрэн төгс ялалт. Ардчилал, хүний эрх ярихад хамгийн их улайрч эсэргүүцэж байсан МАХН өнөөдөр нийгмийн ардчиллын аян өрнүүлж байна. Энэ бол нийгэм үзэл санааны хувьд өөрчилж, шинэчилж чадсаны илрэл. Үүгээр би бахархаж байна.

-Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-нд тэмдэглэсэн. Энэ үеэр шагналыг хэт хавтгайрууллаа гэх шүүмжлэл гарсан. Ардчилсан хувьсгалын ой 2010 оны турш үргэлжилнэ гэж АН-ын удирдлагууд мэдэгдсэн. Тэгэхээр шагналын хур үргэлжлэх нь мэдээж биз?

Ардчилсан хувьсгалын ойгоор 1000 гаруй хүнийг шагнасан. Гэтэл шагналыг хавтгайруулахгүй гэсэн хаа байна гээд л Ерөнхийлөгчийг шүүмжилсэн. Үүнийг нөгөө талаас нь хараасай гэж хүсч байна. Д.Тэрбишдагва гишүүн 612 хүнд "Алтангадас" одон, 112 хүнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон олгож гээд л Байнгын хорооны хуралдаан дээр хашгирч байна лээ. Би түүнд ганц зүйл хэлсэн. Өнгөрсөн 20 жилийн турш өрнөсөн ардчиллын төлөөлөл болсон хүмүүсийг одон авсан хоёр, гурван зуун хүнээр хязгаарлана гэвэл эндүүрч байна. Дор хаяж 200 мянган хүн энэ хувьсгалд оролцсон. Тэдэнд өнгөрсөн 20 жилд нэг ч шагнал өгөөгүй. Э.Бат-Үүл, Б.Баабар, Да.Ганболд нарт Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон өгснийг эс тооцвол өөр шагнал ардчилагчдад олдоогүй. Харин шагнахын оронд ажлаас нь халаад гудамжинд гаргаж, орох орон идэх хоолгүй болгож байсан. Ардчилсан хувьсгалыг тайван замаар хийсэн нь үнэн ч нөгөө талаар олон мянган хүнийг хэлмэгдүүлсэн. Ажилтай, гэр бүлтэй, орон байртай байсан олон залуус ад үзэгдэж, нийгмийн хог шаар болтлоо хавчигдан гадуурхагдсан. Энэ хэлмэгдэл биш гэж үү. Ардчилсан хувьсгалын хохирол биш гэж үү. Маш олон залуу цагаасаа өмнө мөнх бусыг үзсэн. Тэдний дотор миний олон найз хорвоог орхисон. Дурдвал олон нэр байна. "Хонх"-ын С.Цогтсайханаас эхлээд. Тиймээс шагналын хувьд сая дуслын төдий л хүртээсэн. Д.Тэрбишдагва гишүүний хэлээд байгаа 612 "Алтангадас" одонг 21 аймгийн сумдад хуваахад сум бүрт хүрэлцэхгүй байна. Гэтэл сум бүрт ардчиллын төлөө явсан хэдэн зуун хүн бий. Тэгэхээр шагналыг хавтгайруулаагүй, харин ч Ерөнхийлөгч хатуу шалгуур, өндөр шаардлага тавьсан учир харьцангуй цөөн хүнд шагнал олгосон гэж бодож байна. Гашуун үнэнийг хэлэхэд Ардчилсан хувьсгалын 20 жилийн түүхийг бүтээлцсэн хүмүүсийн гавьяаг өнөөг хүртэл төр үнэлж чадсаар байгаа.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.