2023.02.20

Амжилтаа ахиулсаар Улсын аварга болжээ

Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн малчин Нямдаагийн Ганбаатар Монгол Улсын аварга малчны болзол хангаж, Улаанчулуутын өвөлжөөн дээрээ хүндэт шагналаа гардан авлаа.

Н.Ганбаатар 11 настайдаа ээждээ туслахаар мал дээр гарч, тэр цагаас мал аж ахуйн салбарт тасралтгүй 33 жил ажиллаж, 2009 онд Сумын сайн малчин, 2011 онд Мянгат малчин, 2015 онд Аймгийн сайн малчин, 2019 онд “Алтан төлийн эзэн”-ээр тус тус шалгарч, амжилтаа ахиулсаар Улсын аварга болж байгаа юм.

Тэрбээр мал сүргийнхээ бүтэц, үүлдэр угсааг сайжруулахад гойд анхаарч Увс аймгаас баяд үүлдрийн хуц, Хөвсгөл аймгаас эрчмийн хар үүлдрийн ухна, Сэлэнгэ аймгаас сэлэнгэ үүлдрийн бух авчирч, үржилд оруулж, орон нутагтаа шилмэл хээлтүүлэгч бойжуулах зорилго тавин ажилладаг малчдын нэг ажээ.

Эднийх сум орон нутгаа хөгжүүлэх болон хүмүүнлэгийн ажлуудад тухай бүр хандив, туслалцаа үзүүлдэг сайн үйлстэн гэр бүл юм.