2023.02.20
Баянзүрх дүүргийн ИТХ-ын анхны дарга Ц.Намсрай гуайд хүндэтгэл үзүүлж, "Хөгжлийн зураглал 2030” номоо гардууллаа
Баянзүрх дүүрэг анх 1965 оны 4 дүгээр сард БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79-р зарлигаар Найрамдалын район нэртэй байгуулагдаж, 1992 онд УИХ-ын 18 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг гэгдэх болсон байдаг. Шинэ Үндсэн хуульд заасан Засаг захиргааны нэгжийн зохион байгуулалтад орж ажилласан анхны “болно, болохгүй” заагт хашигдсан хүндхэн үед Нутгийн өөрөө удирдах байгууллагыг удирдах амаргүй ажлыг чадмаг туулаад гарсан Баянзүрх дүүргийн ИТХ-ын анхны дарга Ц.Намсрай гуайг зорин очиж хүндэтгэл үзүүллээ.
Ахмад буурлаа хүндэтгэн, өв соёлоо дээдлэн золгодог сар шинийн босгон дээр дүүргийн маань түүхийг бүтээлцсэн эрхэм буурлынхаа үнэтэй үгсийг сонсож, басхүү дурсамжаар нь аялсан юм. Тэрээр анх ДИТХ-д 8 дугаар хорооноос депутатаар сонгогдоод, улмаар ДИТХ-ын даргаар сонгогдон томилогджээ. “Манай дүүрэг тэр үед орон нутгаас суурьшсан иргэд олонтой учраас засаг захиргааны зохион байгуулалтын тухай мэдээ мэдээллээр хангаж, сурталчлан таниулах ажлыг бид голчлон хийдэг байлаа. Анхны юм бүхэн алдаа оноо, амжилттай байдаг. Тэр үед одоогийнхоос хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байсан. Ихэвчлэн сургалт семинар их орж, шинэ Үндсэн хуулийн хүрээнд хэрхэн зөв ажиллах талаар мэдлэг олгодог байлаа” хэмээн хуучиллаа.
Өдгөө 86 настай Ц.Намсрай гуай биохимийн салбарт ажиллаж байгаад гавьяандаа суусан бөгөөд Монголын анагаах ухааны боловсролын түүхэнд, АУДС-д анх Хими-Физикийн тэнхимийг 1975 онд МУИС-аас салбарлан үүсгэн байгуулж, Химийн тэнхимийн багш нарыг бүрдүүлэх, эрдэмжүүлэх, сургалтын бүх хичээлийн хөтөлбөрийг шинээр боловсруулах, анхны сурах бичгийг туурвих, сургалтын орчин, баазыг бэхжүүлэх ажлын үндэс суурийг тавьжээ.
Түүнтэй уулзсан ховорхон мөчдөө үнэт сургаалыг нь сонсохоос гадна зорьж буй ажлаа дуулгав. Баянзүрх дүүргийг дунд хугацаанд хөгжүүлэх бодлогын бичиг баримтыг тусгасан “Хөгжлийн зураглал 2030” номоо гардууллаа. Тэрээр “Баянзүрх дүүргийн удирдлагууд сүүлийн жилүүдэд маш их ажил хийж байгаа нь иргэд бидний нүдэнд харагдаж, дүүргийн өнгө илт сэргэж байгаад маш их баярлаж байна” хэмээн хэлээд сар шинийн мэндчилгээ илгээснийг дамжуулан хүргэж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn