“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжүүлэгч компаниудын төлөөлөлтэй уулзлаа
Манай улс Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.
"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа “Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах” төслийг хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Эм Пи-Ай” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гансүх болон үйлдвэрийн дэд бүтцийн бэлтгэл ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “JMC Projects India” компанийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан, мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг “Инженерчлэл”, “Худалдан авалт”, “Барилга угсралт-/ЕРС/” гэсэн багц ажлуудын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа уулзалтын төгсгөлд “БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжиж байна.
Монгол, Энэтхэг хоёр орны хамтын ажиллагааны гүүр болсон энэхүү төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байна. Мэдээж төслийг хурдан шуурхай гүйцэтгэх шаардлага байгаа хэдий ч Монгол Улсад мөрдөгдөж байгаа Барилгын тухай хууль болон барилгын норм ба дүрмийг баримтлан ажиллах нь чухал. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье” гэв.
Төслийн эхний багц буюу технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажлын хүрээнд
- Иргэний барилга байгууламж (Захиргааны байр, агуулах, засварын цех, гал командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр),
- Ус хангамжийн систем, цэвэрлэх байгууламж
- Талбайн дэд бүтэц зэрэг барилга байгууламжуудыг барих ажлыг гүйцэтгэх гэнэ.