С.Эрдэнэбат: Авлигаас орж ирсэн мөнгийг цалинд зарцуулна гэсэн амлалтдаа Ерөнхий сайд хүрэх хэрэгтэй
2023.04.03

С.Эрдэнэбат: Авлигаас орж ирсэн мөнгийг цалинд зарцуулна гэсэн амлалтдаа Ерөнхий сайд хүрэх хэрэгтэй

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хөдөлмөр нийгмийн түншлэлийн үндэсний хороо, улсын гурван талт хэлэлцээрийн асуудал зогсонги байдалтай байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд жил хүрэхгүй хугацаанд гурван удаа солигдлоо. 

Цалин хөлсний асуудал МҮЭ-ийн холбооны чухал асуудал юм. Нийт хүн амд эзэлж буй орлогын тэгш бус байдал бий болсноор нийгэмд ялгаатай байдал үүссэн. Тиймээс дараах шаардлагуудыг МҮЭ-ийн холбооноос төр засагт тавьж байна. 

  1. Гуравдугаар сарын 30-ы дотор шинэчлэх ёстой байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880 мянган төгрөг болгох ёстой. Ингэснээр амьдралын анхдагч хэрэгцээгээ хангаж чадахаар байна. Мөн 2024 он гэхэд доод нэг сая төгрөг хүргэмээр байна. Монголчууд яагаад нэг цагийн 2-3 долларын цагийн хөлстэй ажил хийж болохгүй гэж. Монгол Улс бага цалинтай гээд импортоор орж ирж буй бараанууд хямдхан зарагдахгүй. 
  2. Салбарын хэлэлцээрүүдийн биелэлт хангалтгүй болж байна. Хэсэгчилсэн цөөн байдлаар асуудалд хандаж байгаа нь цалингийн шинэчлэл биш юм. Худалдан авах чадвараа нэмэгдүүлсний дараа үр дүн урамшуулал яригддаг. Гэтэл хийж чаддаг нь инфляцаа нөхсөн цалин ав гэж байгаа нь нэг талаараа ажилчдын бодит худалдан авалтад санаа зовохгүй байна. 
  3. Авлига хээл хахуулиас орж ирсэн мөнгийг цалин хөлсөнд зарцуулна гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ амлалтдаа хүрэх хэрэгтэй. Манай улсын төсөвтөө тэнцэх мөнгө гадаадад далд эдийн засагт эргэлдэж байгааг олон улсын байгууллагууд тогтоосон. Гэтэл цалин нэмэх мөнгө байхгүй гэж байна. Зөвхөн дарга нарын цалинг нэмдэг байж болохгүй. Ажлаа сайн хийж байвал үйлчлэгч даргаас илүү цалин авах ёстой.
  4. Нийгмийн даатгалын багц тухай хуулийн асуудал яригдана. Хэрэв хуулийн шинэчлэл хийгдэхгүй бол МҮЭ-ийн холбооноос жагсаал зохион байгуулна" хэмээн ярив.