Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах, санал авах хэлэлцүүлэг боллоо
Тус хэлэлцүүлэг Дорноговь аймагт зохион байгууллааМонгол Улсын Засгийн газраас 2023 оны 01-р сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан хуулийн төслийг танилцуулах, иргэдийн санал авах хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймагт зохион байгуулж, 430 гаруй иргэд хамрагдлаа.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар оролцлоо. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн. Тэрбээр, Нийгмийн даатгалын тухай хуулийг 1994 онд баталснаас хойш 28 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон ч нийгэм, эдийн засгийн харилцаа, хүн амын насжилт өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэтгэврийг шударга тогтоох, инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавхыг сайжруулах, нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай ил тод болгож цахимжуулах зэрэг арга хэмжээг хуульчлах асуудлууд тулгарч байгаа тул энэхүү хуулийн шинэчлэлийг хийхээр хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан талаар танилцуулсан.
Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, малчдын нийгмийн даатгалын хамрагдалтын хүрээг өргөжүүлэх зорилгоор тэдний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар сүр 5 жилээс ихгүй хугацаагаар төлөх зохицуулалт хуулийн төсөлд тусгагдсан. Манай нийт малчдын 30 хувь нь Нийгмийн даатгалд хамрагдаж байна. Гэвч өндөр насанд хүрч, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болох үедээ амьдралын наад захын хэрэгцээгээ хангах шаардлага үүсдэг хэмээсэн.