“Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээн эхэллээ
2023.04.04

“Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээн эхэллээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Улаанбаатар лиг” волейболын XI удаагийн тэмцээний сүүлийн шат өнөөдөр эхэллээ. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит энэхүү тэмцээнийг 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрүүдэд насны хоёр ангиллаар, гурван үе шаттайгаар зохион байгуулж буй юм.

Тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нээж үг хэллээ. Тэрбээр:

-Ирээдүй хойч болсон хүүхэд залуусынхаа бие бялдрыг хөгжүүлэх, тэдний спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжих, томоохон уралдаан, тэмцээнд амжилт гаргах, авьяас чадвараа хөгжүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг. Спортоор хичээллэдэг хүүхдүүд бие бялдар, сэтгэл зүйн хувьд хөгжихөөс гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, муу зуршлаас ангид байдаг. “Улаанбаатар лиг” тэмцээнд оролцож буй тамирчдадаа амжилт бүхнийг хүсье гэлээ.

“Улаанбаатар лиг” волейболын тэмцээний нэг, хоёрдугаар шатанд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 190 сургуулийн 940 багийн 32000 сурагч оролцсон бол сүүлийн шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 42 сургуулийн 64 багийн 832 сурагч шалгаран хурд хүч, авьяас чадвараа сорьж байна.

"Улаанбаатар лиг"-ийн "Шилдэг сургууль"-иар шалгарсан Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн захирал З.Болормаа:

-Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн баг тамирчид “Улаанбаатар лиг” тэмцээнд жил бүр оролцож ирсэн. Өнгөрсөн жил алт, мөнгөн медаль хүртэн, амжилт гаргалаа. Энэ жил ч Багануур дүүргээс дөрвөн баг ирж оролцож буйн гурав нь “Гүн галуутай” сургуулийнх байна гэлээ. 

Спортоор дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл, зөв дадал зуршлыг төлөвшүүлэх, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг бэлтгэх зорилготой энэхүү тэмцээнийг өдгөө 11 дэх жилдээ зохион байгуулж байна.