Нийгмийн ажилтнууд зөвлөлдөж 8 асуудлыг эрэмбэлж саналаа нэгтгэв
2023.04.07

Нийгмийн ажилтнууд зөвлөлдөж 8 асуудлыг эрэмбэлж саналаа нэгтгэв

Ерөнхий боловсролын 859 сургуульд нийт 893 нийгмийн ажилтан ажиллаж байна. Хүүхдийн сурч, хөгжихөд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр анхаарч байгаа ч өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлууд тулгамдсан хэвээр байна.

Сургуулийн орчинд багш, суралцагч, эцэг эхийн бие биеэ хүндэтгэсэн, дэмжсэн харилцаа чухал. Анги хамт олны эерэг уур амьсгалыг бий болгох, хүүхдийг аливаа дарамт шахалтад өртүүлэхгүй, ялгаварлахгүй байх, тэдний оролцоог тэгш хангах, хөгжлийн онцлог, хэрэгцээнд нь нийцсэн эрүүл, аюулгүй ээлтэй орчин бүрдүүлж ажиллах ёстой.

Энэ сэдвүүдийн хүрээнд өнөөдөр нийгмийн ажилтнууд зөвлөлдөж, 8 асуудлыг эрэмбэлж саналаа нэгтгэлээ.

  • Боловсролын нийгмийн ажилтны үйл ажиллагааны нийтлэг жишигт өөрчлөлт оруулж хүүхдийн нас, хөгжлийн онцлог, ялгаатай байдал, хэрэгцээ сонирхолд нийцүүлсэн байдлаар бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин тус бүрд суралцагчийн тоог харгалзан нийгмийн ажилтны орон тоотой байхаар зохицуулалт хийх;
  • Ерөнхий боловсролын сургуулийн багш бус ажилтан буюу нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, хоол зүйч, тэгш хамран сургах ажилтан, номын санч гэх мэт албан тушаалуудын ангилал зэрэглэл, нийгмийн баталгааг жигдлэх, албан тушаалын тодорхойлолт, ажлын чиг үүргийг заасан дүрэм, журам болон холбогдох бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог сайжруулах;
  • Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Боловсролын ерөнхий хуулийн төсөлд тусгагдсаны дагуу ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад нийгмийн ажилтан оролцох боломжийг нээх;
  • Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтанд олгож буй мэргэжлийн зэрэг /тухайлбал, ахлах, тэргүүлэх/-ийг ерөнхий боловсролын сургууль олгох зохицуулалтыг дүрэм, журамд шинэчлэн тусгах;
  • Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын /урьдчилан сэргийлэх, кейс нээж ажиллах, хариу арга хэмжээ авах/ зардлыг орон нутаг, улсын төсөвт тусгах, шаардагдах эрх зүйн орчныг бий болгох;
  • Ерөнхий боловсролын сургуулийн “Хүүхэд хөгжлийн танхим”-д тавигдах шаардлагыг батлах, шаардагдах тоног төхөөрөмж, нөөц хэрэгслээр хангах;
  • “Сургуулийн хүүхэд хөгжил, хамгааллын алба” гэсэн албан ёсны бүтцийг бий болгож, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, хоол зүйч, номын санч, анги удирдсан багш нарын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээ, сургуулийн хичээлээс гадуурх сургалтын ажлын зохион байгуулалт үр дүнг сайжруулах;
  • Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, анхан шатны байгууллагууд ажлаа уялдуулан зохион байгуулах ажлын зураглалыг хамтран батлах зэрэг саналуудыг нэгтгэсэн.

УИХ-д өргөн барьсан Боловсролын багц хуулийн шинэчлэлд сургуулийн орчинд хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгадаг байх зохицуулалтыг тусгаад байна.

Боловсролын багц хуультай уялдуулан ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны хөдөлмөрийн норм нормативыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнд нийгмийн ажилтны ажил үйлчилгээний норм, хүрээ, хэмжээг шинэчлэн тодорхойлно.

Цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих журмыг боловсруулан хэлэлцүүлж байна. Энэ журам батлагдсанаар нийгмийн ажилтныг модуль сургалтад хамрагдах болон ажлын байрандаа тасралтгүй хөгжих нөхцлийг бүрдүүлнэ.