Д.Сарангэрэл: Монгол эмэгтэйчүүд бүтээлч, эрч хүчтэй, хүсэл эрмэлзэлтэй, мэдлэг боловсролтой болсон
2023.04.11

Д.Сарангэрэл: Монгол эмэгтэйчүүд бүтээлч, эрч хүчтэй, хүсэл эрмэлзэлтэй, мэдлэг боловсролтой болсон

“Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форум Улаанбаатар хотноо 2023 оны дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус форумыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй бөгөөд энэ өдөр /2023.04.11/ “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах  эрх зүйн шинэчлэл” сэдвээр Төрийн ордонд үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
- Намын гишүүнд эмэгтэй хүн байхгүй, эмэгтэйчүүд бэлтгэгдээгүй, сул дорой хэмээн тодорхойлдог үе ард хоцорсон. Өнөөдрийн жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх асуудал нь одоо УИХ-д байгаа 13 эмэгтэй гишүүний тухай огт биш юм. Улсын хүн амын 51,3 хувь эмэгтэйчүүд, мэдлэг боловсролын түвшнээр давамгайлах болсон нь судалгаанаас харагддаг.  Чадварлаг эмэгтэйчүүдийг бид улс төрд татан оруулах ёстой. Энэ асуудлыг ярихаар өөрсдийн суудлаа, цар хүрээгээ өргөжүүлж баталгаажуулах гэж байна хэмээн шүүмжилдэг. Тэгш байдал бол 50, 50 хувийн харьцаа юм. Өчигдөр амлалтын бичигт гарын үсэг зурах үйл явц их сайшаалтай. Жендэрийн тэгш байдалд манайлал их чухал бөгөөд эмэгтэйчүүдээ бодитой дэмжиж буйд талархаж байна.

Бид өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн оролцоог улс төрд нэмэх нь ямар үр дүнтэй вэ гэдэг нь чухал. Нийгмийн зүгээс хэвшмэл ойлголт бүхий "Энэ салбарт эмэгтэйчүүд ямар хэрэгтэй юм бэ, тэд гарч ирээд юу хийдэг юм бэ" гэх хандлага, шүүмжлэл байдаг. Эмэгтэйчүүдийн ур чадварыг өмнө нь үнэнч, хариуцлагатай, гүйцэтгэлтэй уян хатан, нийгмийн чимхлүүр асуудлыг сайн орж хардаг, авлигад өртөх нь бага гэх мэтээр тодорхойлдог байсан. Харин эдгээр тайлбар нийгэмд төдийлөн хүрэхээ байсан. Жендэрийн тэгш байдал бол хүний эрх юм, ардчилал юм хэмээх тодорхойлолт хэлсэн нь сайхан санагдлаа. Өнөө цагт монгол эмэгтэйчүүд юу ч хийж бүтээхэд бэлэн, эрч хүчтэй, хүсэл эрмэлзэлтэй, мэдлэг боловсролтой. Хүн нь бэлэн, дэмжлэг нь бодитоор хэрэгтэй байна. Гаднын байгууллага дэмжихээр л форум, хэлэлцүүлэг хийгээд яг хуулийн нарийн асуудлаа хэлэлцэх болохоор өөрчлөгддөг тохиолдол байдаг. Үүнд анхаараасай гэж  хүсэж байна гэлээ.


Форумын энэ өдрийн ажиллагааг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, "Дэлхийн улс орнууд 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хэрэгжүүлэх хугацааны тэн хагас нь өнгөрсөн байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг чухал амлалт, үүрэг бол жендэрийн тэгш байдлыг хангах юм. Жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг устгаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах цогц зорилт нь улс орнууд 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд НҮБ-ын өмнө хүлээсэн нэг үүрэг, амлалт.

Монгол Улсын хувьд “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” гэсэн хандлагыг баримталж, гэр бүл, охид бүсгүйчүүдийн хүчирхийлэл, хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо, жендэрийн зорилтуудыг дэвшүүлж, асуудлуудыг шийдэхээр чухал зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа орон. 2030 онд хэрэгжүүлсэн байх ёстой ч цар тахлын нөхцөл байдал болон бусад олон хүчин зүйлсээс үүдэн хэрэгжилт удаашралтай байна гэж үзэж байна" гэсэн юм.