2023.04.14

Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн “Цэцийг” огцруулах арга хэмжээ ав!

Үндсэн хууль нь улс орны оршин тогтнох үндэс суурь, хуулиудын эцэг нь юм. Манай улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Тэгвэл Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа бол “Үндсэн хуулийн цэц” билээ.

Гэвч Үндсэн хуулийн цэцтэй холбоотой асуудал гарсаар байгааг УИХ-ын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэн чуулганы танхимд болон өөрийн цахим хуудсаар удаа дараа анхааруулж, байр сууриа илэрхийлж буй.

Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар буюу өнгөрсөн наймдугаар сард хэлэлцсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийн “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэц 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа 02 тоот тогтоол гаргаж хүчингүй болгосон.

Дээрх асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн  “Цэц тодорхой асуудлыг хэлэлцэж болно. Гэхдээ хуулийн хүрээнд байх ёстой. Цэц Үндсэн хууль зөрчиж дүгнэлт гаргасан. Үндсэн хуулийн агуулга, заалтыг цэц өөрчлөх ёсгүй. Өөрсдийнхөө Үндсэн хуулийн дүгнэлтэд халдаж болохгүй гэсэн цэцийн дүгнэлтээ хүртэл хуралдаанаараа хүчингүй болгосон. 9 хүний гарт төрийн бүх эрх мэдэл, шилжчихсэн байгааг хараад суух уу?” хэмээсэн.

2019 онд УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр сонгуулийн холимог тогтолцоог дэмжээгүй. Санал хураалтаар холимог тогтолцоо унасан. Гэтэл цэцээс уг асуудлыг Их Хурал буцаагаад шийднэ гэх хачин дүгнэлт гаргасан гэж мөн тэрээр онцолсон билээ.

Түүнчлэн 2016 оны 05 тоот тогтоолыг Их хурал хүлээж авсан. Их хурал хүлээж авна гэдэг үндсэндээ эцсийн шийдвэр болсон гэсэн үг. Энэ тогтоолыг гаргахдаа Үндсэн хуулийн цэц 3 зүйлийг үндэслэсэн.

  • Нэгдүгээрт, 1991 оны 10-р сарын 15-ны өдрийн Улсын бага хурлын хуралдаанаар холимог тогтолцоогоор санал хураалт явуулсан. Тэр үед Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байсан. Энэ дэмжигдээгүй. Ингэснээр Үндсэн хуульд холимог тогтолцоо, нам сонгох асуудал байхгүй гэсэн үг.
  • Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 21.2-т Улсын Их Хурлын гишүүнийг сонгоно. /Нам сонгоно гэсэн зүйл байхгүй/
  • Гуравдугаарт, Үндсэн хуулийн 21.3-т 25 хүрсэн, 25-аас дээш насны иргэнийг сонгоно гэсэн буй.
Үүнийг үндэслээд Үндсэн хуулийн цэц 05 тоот тогтоол гаргаж Үндсэн хуульд холимог тогтолцооны агуулга байхгүй гэж үзсэн. Гэтэл 6 жилийн дараа энэ шийдвэрээ эргэн харж цуцалж байгаа юм. Өмнө гаргасан шийдвэрээ өөрчилж байгаа нь "Үндсэн хууль"-даа халдаж байна гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн зүгээс үзэж байна.

Үндсэн хуулийн агуулгад анх батлахад байхгүй зүйлийг оруулсан юм шиг шийдвэрийг “Цэц” гаргасан. Тиймээс түүний хувьд цэцийг Үндсэн хууль зөрчсөн учраас огцрох ёстой гэж Үндсэн хуулийн 65.4 заалтаар үндэслэж хүсэлт гаргасан юм.

Тэрээр Үндсэн хуулийн цэц тэтгэвэртээ гараад, зөнөчихсөн байна. Тиймээс эдгээр улсуудыг буцаан тат. Төрийн эсрэг гэмт хэрэг хийж, хууль бус шийдвэр гаргасан хүмүүст эрүүгийн хариуцлага тооц. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг сонгохдоо маш олон хэмжүүрээр сайн ярьж сонгож хэрэгтэй. Үндсэн хууль бол энэ улс оршин тогтнохын дээд эрх хязгаар. Гэтэл түүнийгээ нулимаад сууж байгаа хүмүүсээр Үндсэн хуулийн дүгнэлт хийлгээд байж болохгүй" гэв.

 Цэц өөрөө Үндсэн хуулиа самарч байна.

Ийнхүү тэрээр Үндсэн хуулийг хямрал руу түлхэж, Үндсэн хуульдаа халдсан Цэцийн гишүүдэд хариуцлага тооцож эргүүлэн татах ёстой гэсэн байр сууриа хүчтэй илэрхийлсээр байна.