2023.05.01
“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2023.04.28) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан боловсруулжээ.
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гол зорилго нь өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа бөгөөд “Экспортыг нэмэгдүүлнэ”, “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ”, “Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна”, “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ”, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулна”, “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулна”, “Засаглалын үзүүлэлтийг сайжруулна”, “Ногоон хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна” гэсэн 8 бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn