Алтай хотхонд 960 хүүхдийн суудал бүхий Ерөнхий боловсролын сургуулийн барилгыг нэн даруй эхлүүлэхээр ажиллаж байна
2023.05.03

Алтай хотхонд 960 хүүхдийн суудал бүхий Ерөнхий боловсролын сургуулийн барилгыг нэн даруй эхлүүлэхээр ажиллаж байна

Алтай хотхонд 960 хүүхдийн суудал бүхий Ерөнхий боловсролын сургуулийн барилгыг нэн даруй эхлүүлэхээр ажиллаж байна.

Баянгол дүүргийн 24-р хороонд байрлалтай Алтай хотхонд 5000 гаруй өрхийн 11 мянга орчим иргэн оршин сууж байна. Гэвч хотхон баригдаад 10 гаруй жил болж байхад өнөөдрийг хүртэл Ерөнхий боловсролын сургууль байхгүй нь оршин суугчдад ихээхэн хүндрэл үүсгээд зогсохгүй 3000 гаруй хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа юм. Миний бие тойргоос сонгогдсон гишүүний хувьд “Тайгам алтай” ХХК, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Боловсролын яам, иргэдийн төлөөлөлтэй хамтран ээлжит уулзалтаа хийлээ.

Сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхэд газрын асуудал шийдэгдэхгүй олон жил болсон. Өнөөдөр ч “Тайгам алтай” ХХК-ийн төлөөлөл газар чөлөөлөх ажил удаашралтай байгаа гэх шалтгаан хэлж байгаа юм.

Харин өнөөдрийн байдлаар 1,9 га хоосон газар бэлэн байгаа тул сургуулийн барилгыг эхлүүлэх боломжтой гэж миний зүгээс үзэж байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба ч төлөвлөлтийг өөрчилж өгч болно гэдгийг онцоллоо. Боловсролын яамнаас 960 хүүхдийн сургуулийн барилгын зураг төсөв бэлэн байгааг ашиглах боломжтойг мөн хэлсэн юм. Тиймээс компанийн төлөөлөлд газар чөлөөлнө гэж цаг алдах биш нэн даруй сургуулийн барилгыг эхлүүлэх санал тавьж 10 хоногийн дараа дахин уулзалт хийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо.