Баянхонгор аймаг “Хууль тогтоомж сурталчлах төв”-тэй боллоо
2023.05.15

Баянхонгор аймаг “Хууль тогтоомж сурталчлах төв”-тэй боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн, Д.Ганбат нар орон нутагт ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч ажилласан. Энэ үеэрээ тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийнагентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд энэхүү төвийг байгуулсан юм.

Хууль тогтоомж сурталчлах төв нь парламентын нээлттэй байдлыг хангаж, хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг авч тусгах, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ,“Хүн тэнгэрийн дор төрж,  хуулийн дор амьдардаг” гэсэн эртний үг бий. Ардчилсан Үндсэн хуулийн зарчим бол төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байхад оршино. Ард иргэдийнхээ санал бодлыг сонсож, шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэсэн хууль тогтоох үйл ажиллагааг зохион байгуулах нь парламентын үндсэн чиг үүрэг.

Хууль тогтоомж сурталчлах төвөөр дамжуулан Улсын Их Хурал иргэддээ парламентын боловсролын мэдлэг олгох, D-Parliament цахим системийг ашиглан хууль тогтоомжийн төсөлд саналаа өгөхөд нь ард иргэдэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны талаарх цаг үеийн мэдээ, мэдээллийг үнэн зөвөөр өгөх болно. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийг оролцуулахдаа мэдлэг, мэдээлэл өгөх нь хамгийн чухал.

Энэ төв ард иргэд болон Улсын Их Хурлын гишүүд, орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн эгэх холбоог хангах гүүр болж ажиллах чухал үүргийг гүйцэтгэнэ хэмээгээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдлэх, төлөөллийн ардчиллын зарчмыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.