2023.05.18

Ж.Батжаргал: Ард түмэнд мэдээллээ зөв өгч, тэнцлийн алдагдлыг өнгөрсөн оноос давуулахгүй байх хэрэгтэй!

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын төгсгөлтэй залгаад геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас улбаатай сүүлийн 40 жилд тохиолдоогүй инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилтыг бий болгосон билээ. 

Гэсэн ч гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг Засгийн газраас үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны I улиралд 3.9 хувиар агшсан байсан эдийн засаг мөн оны эцэст 4.8 хувиар өссөн байна. Түүнчлэн 2022 онд 16.9 хувьд хүрч байсан инфляц оны эцэст 13.2 хувь, 2023 оны эхний улирлын байдлаар 12 хувьд хүрч харьцангуй тогтворжоод байгаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төсвийн байнгын хорооны шийдвэрлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

"Ард түмэнд мэдээллээ зөв өгч, тэнцлийн алдагдлыг өнгөрсөн оноос давуулахгүй байх хэрэгтэй. Бид амаргүй цаг хугацааг даван туулж байна. Эдийн засагт гарч ирж буй нааштай үзүүлэлтийг зайлшгүй тогтворжуулах шаардлагатай байна. Нөгөө талдаа орлогын бааз сууриа тэлэх үйл явцад дотоод нөөцөө дайчилмаар байна. Иргэдийн маань аж амьдрал тийм ч сайхан биш байна. УИХ дээр төсвийн хүрээний мэдэгдэл ярьж байгаа бол, орлого болон зарлага талынхаа төсөөлөл, түүн дотор томсгосон тооцоогоороо яригдаад буй асуудлыг дэмжих гэж бодлогын ямар зорилтууд чиглүүлж байна, түүнийг хангахын тулд ямар хэмжээний төсөөллийг багтаасан юм гэх зэрэг  мэдээллийг өгөх ёстой. Ард түмэнд хүлээлт үүсчихсэн байгаа.

Хуулийн хязгаараар ярьдаг байдлаа зарим тохиолдолд өөрчлөх. Хязгаартай үзүүлэлтүүдийг бодит байдалтай нь уях ёстой. Дараагийн нэг асуудал нь тэнцлийн алдагдал. Мэдээж бидэнд хэрэгцээ ч бий, бодит суурь ч бий. Үүнийгээ харьцуулж үзээд өнгөрсөн оны баталсан гүйцэтгэлээс биет хэмжээгээр нь давууламгүй байна. Ингэж байж улс орны эдийн засаг, төсөв эрүүлжих тал руугаа явна. Заяагдмал баялгийн үр өгөөжийг хуримтлал болгох, тухайн хуримтлалынх нь тодорхой хэсэг иргэдийн нэр дээр болохын сацуу эргээд хөгжил тэтгэсэн эх үүсвэр болж ашиглагддаг зах зээлийнх нь зарчимд нийцүүлэх эрх зүйн том шинэтгэлийг шуурхай хиймээр байна"