Т.Аубакир: Төсвийн орлого түүхэндээ анх удаа ашигтай гарсан. Ирэх сараас цалин, тэтгэвэр нэмнэ
2023.05.30

Т.Аубакир: Төсвийн орлого түүхэндээ анх удаа ашигтай гарсан. Ирэх сараас цалин, тэтгэвэр нэмнэ

УИХ-ын гишүүн Т.Аубакиртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нэг гишүүн гурван байнгын хороонд харьяалагддагаас болж, түүхий хууль баталдаг-

-УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаад ирсэн. Энэ удаад 126 гишүүнтэй болох талаар ярилцсан шүү дээ. Олон нийт 152 гишүүнтэй болохыг эрс эсэргүүцсэн. Энэ удаагийн саналыг нь дэмжсэн үү. Маргаашийн бүлгийн хуралдаанд хэдэн гишүүнтэй байх талаар ярилцах вэ?

-Бид ҮХӨ-тэй холбоотой асуудлаар тойрогтоо иргэдтэй уулзаад ирлээ. Эхлээд 152 гишүүнтэй, 50:50 холимог тогтолцоотой байх асуудлыг ард түмэндээ тавьсан юм. Иргэд 152 гишүүнтэй болохыг дэмжээгүй. Хуралд оролцсон нийт иргэдийн 70 орчим хувь нь дэмжээгүй юм.

Ер нь бол гишүүдийн тоог нэмэх шаардлагатай юу гэвэл, тийм. Засгийн газраас дараах шаардлагыг тавьсан юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 1992 оны Үндсэн хуулиар явж ирсэн бөгөөд эдийн засгийн түвшин, ард иргэдийн эрүүл мэнд, боловсролын түвшин гэх мэт зүйлс сайн үзүүлэлттэй гарвал дахин 30 жил ашиглах, үгүй бол өөрчлөлт хийх агуулгатай санал асуулгаар ард иргэдтэйгээ уулзсан юм.

Гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэдэгт сонгогчид санал нийлж байна. Учир нь 76 гишүүн хэт цөөхнөөс гадна одоогийн Үндсэн хуулийг батлах үед Монгол Улсын хүн ам хэд байсан, цаашид хэчнээн хүн амтай болох, таван сая хүнийг 76 гишүүн төлөөлж чадах эсэхээс эхлүүлэн асуудал үүсэх юм. Тиймээс тойргоороо ажиллаж, ард иргэдтэй уулзахдаа сүүлийн 30 жилийн анализ, дүгнэлтийг танилцуулсан.

Эцэстээ гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэх байр суурь дээр тогтсон. Ингэснээр 60:40 харьцаатайгаар, 76 гишүүнийг тойргоор, 50 гишүүнийг намын жагсаалтаар сонгохоор тогтож байна. Энэ долоо хоногт УИХ-аар батлах байх.

-Иргэдтэй хэрхэн ярилцав. Учир нь олон нийтэд улс төрийн талаар тайлбарлах хэцүү байдаг шүү дээ. Тиймээс ч та нарын одоогийн өөрчлөлтийг хүлээж авахад хүндрэлтэй байхыг үгүйсгэхгүй?

-Миний хувьд сонгогчдодоо ойлгуулж, харилцан ярилцсан хэд хэдэн асуудал бий.

Нэгдүгээрт, тогтолцоонд өөрчлөлт хийх ёстой. Мажоритар тогтолцоогоор гарч ирсэн гишүүд улс орны эрх ашгийг хаях тохиолдлууд бий. Тиймээс жагсаалтаар орж ирсэн гишүүд улсын томоохон эрх ашгийг хөндөж чадах юм. Холимог тогтолцоог иргэд дэмжиж байгаа шалтгаан нь энэ.

Хоёрдугаарт, Монгол Улсын парламентаас гишүүдийн тоотой холбоотой сайн боловсруулсан хуулийн төслийг гаргах хэрэгтэй байна. Нэг гишүүн гурван байнгын хороонд харьяалагддаг. Нэг байнгын хорооны материалыг унших нь бүү хэл, уншиж амжилгүй хуралдаандаа оролцдог юм. Ийн алхам тутамдаа хэрэглэх ёстой хууль нь түүхий гарч байх жишээтэй.

Парламент бол мэтгэлцээний салбар. Олуулаа хэлэлцвэл буруугүй гэдэг шиг нэг сэдвийг дундаа тавьж, 76 эсвэл 126 гишүүн ярих нь өөр байна. Тиймээс чанартай хуулийн төслийг батлахын тулд гишүүдийн тоог нэмснээр үр өгөөжтэй байна гэх байр суурь дээр тогтсон.

Мэдээжийн хэрэг нийгэмд хамгийн их буруутан нь дарга, гишүүд болоод байна шүү дээ. Тиймээс иргэдэд гаргалгаатай тайлбар хэлснээр дээрх шийдвэрүүдийг дэмжсэн.

-Та тойрогтоо очоод хэчнээн сумын хэд орчим хүнтэй уулзав. Хэдэн хувь нь дэмжиж байна вэ. 76 гишүүний тоо нь нэмэгдэж буйд олон нийт илүүтэй бухимдаж байх шиг?

-Баян-Өлгий аймгийн хувьд 115 мянган иргэнтэй. Тэднийг төлөөлж гурван гишүүн ажилладаг. Бид тойргоо хуваан авч ажиллалаа. Би аймгийн төвийн 13 багийн 3000 орчим сонгогчидтой уулзсан. Гол төлөв идэвхтэй сонгогчид л уулзалтад ирдэг. Бусад нь хуралд төдийлөн оролцоод байдаггүй.

Мэдээж хэрэг гишүүдийн тоог нэмэх гэж буйд бухимдалтай байгаа. Цар тахлын хоёр жил, Орос- Украины мөргөлдөөн гэх мэтээс үүдэж эдийн засаг амаргүй байна. Иргэдийн амьдрал ч хүндхэн байгаа энэ үед дарга нарын тоог нэмэх гэж буйд бухимдалтай байгаа нь аргагүй. Гэвч дарга бус тэдний төлөөлөл гэж харах хэрэгтэй. Ард иргэдийг болон тухайн нутгийг төлөөлж байгаа болохоор тэр.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийг халдашгүй дархан эрхтэй гэж ярьдаг. Гэвч энэ нь намайг хамгаалахаас илүүтэй Монголын төрийн дархлаа, түүний халдашгүй байдал юм. Үгүй бол ямар ч гишүүнийг 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үеийнх шиг нөхцөл байдал хүлээж байх боломжтой.

Мэдээж хэрэг одоогийн гишүүд дунд гэм буруутай нэгэн байхыг үгүйсгэхгүй. Гэвч үүнийг чанаржуулахын тулд гишүүдийн тоог нэмж, олон ургальч үзэлтэй, мэтгэлцээний талбар бүхий классик парламентыг бий болгохыг зорьж байгаа. УИХ-д суудалтай намууд ч тэр утгаараа тогтолцоо болон тоог дэмжсэн хэрэг. Түүнчлэн иргэд дунд дээрхийг эсэргүүцэгчид байгаа ч дэмжигчид нь олонхыг бүрдүүлж байгаа болохоор тогтолцооны өөрчлөлтийг хийхээс аргагүйд хүрч байна.

-Ардчилсан нам барууны үзэлтэй ч одоо үзэл баримтлалгүй болсон-

-126 гэх тоог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргасан хэмээж байгаа. Гэвчиг улстөр судлаачид үүнийг үгүйсгэж байгаа шүү дээ. Гишүүдийн тоог 126 байлгахыг хэрхэн шийдсэн юм бэ?

-Би прагматик хүн. Шинжлэх ухааны үндэслэл, билэгдэлтэй холбохгүйгээр гурван сая хүнийг бүрэн төлөөлөх хэмжээнд л гаргасан тоо. Түүнээс биш ямар нэгэн ид шидийн эсвэл фэнг-шүйгийн агуулга бүхий зүйл байхгүй. Жишээлбэл, 2040 он гэхэд манай улс таван сая хүн амтай болох магадлалтай. Тэгэхээр тэдэнд хүрэлцээтэй байх төлөөллийн гишүүдийн тоог л тооцоолсон хэрэг. Манай тойрогт гэхэд л нэг гишүүн 30 орчим мянган хүнийг төлөөлж байх жишээтэй. Ачаалал их шүү дээ. Дорнодоос сонгогдсон гишүүн Баян-Өлгийн асуудлыг ярьж чадахгүй. Тиймээс газар нутаг, иргэдээ төлөөлөх боломжтой гэх үндэслэлээр дээрх тоо гарч ирсэн.

Гишүүнээр сонгогдож орж ирсний дараагаар С.Амарбаясгалан дарга залуу гишүүдтэйгээ уулзаж байсан юм. Тэрбээр “Сөрөг хүчин хүчтэй байхгүй л бол манай улс буруу зүг рүүгээ явна. Нэг тал руугаа хэлбийдэг юм” хэмээн гурван жилийн өмнө хэлж байсан. Гэтэл сөрөг хүчнээ хүчтэй байгаасай хэмээн хүссэн ч хүчирхэг байж чадахгүй байна. Энэ нь Монгол Улсыг буруу зүг рүү хөтөлж байгаа хэрэг. Тиймээс л 126 гэх тоог эрх баригч нам ганцаар гаргаж ирээгүй. УИХ-д суудалтай намууд зөвшилцсөний үндссэн дээр гаргаж ирсэн тоо гэдгийг ч санах хэрэгтэй.

-Та 60:40 харьцааг хэр оновчтой гэж бодож байна. УИХ-ын чуулганаар 50:50 харьцаатай байх асуудлыг ч хөндсөн шүү дээ?

-Би 60:40 харьцааг дэмжиж байгаа. Гэсэн хэдий ч гол анхаарах зүйл нь уг тооны харьцаанд биш юм. Парламентад жагсаалтаар орж ирж буй гишүүд нь үнэнийг айхгүй хэлдэг, том асуудлыг хөндөж мэтгэлздэг байх хэрэгтэй. Тийм хүмүүс шаардлагатай байна.

Тухайлбал, би халамж хавтгайрлаа хэмээн хэлэхэд л олон нийт намайг эсэргүүцнэ. Залуучууд ажил хийхээ больж байна. Хүүхдийн болон группийн мөнгөөр айл өрх амьдарч байгаа. Тэд сардаа 800 мянгаас нэг сая төгрөгийн орлогыг халамжаас авч байгаа хэрэг. Зөөлнөөр хэлэхэд ийм зураглалтай. Хатуухан хэлэхэд гэдэс нь өлсөөгүй хүн ажил хийдэггүй. Барилгын салбарт ажиллах хүн олдохгүй байна. Хүний ажил хийх байгалийн араншинг халамж үгүй хийж байна. Энэ мэт асуудлыг хатуухан хэлж, урагшлах хүмүүс хэрэгтэй. Өр зээл тавьж, халамжийг хавтгайруулбал энэ улс орон цаашид хэрхэх вэ. Эдгээр асуудлыг шийдэх гишүүдийг жагсаалтаар оруулж ирэх хэрэгтэй юм.

Тэгэхийн тулд 60:40 хэмээсэн. Цаашид 50:50 эсвэл бүр 100 хувь пропорциональ тогтолцоотой болохыг үгүйсгэхгүй. Тэгж парламентыг цэвэршүүлж, намууд бодлогоороо өрсөлддөг болох юм. Ардчилсан нам барууны үзэл баримтлалтай. Одоо үзэл баримтлал нь ч байхгүй болсон. Ялахын тулд Ардчилсан нам ч халамжийг хавтгайруулж чадна. Тиймээс л бодлогоороо өрсөлддөг болохын тулд холимог тогтолцоо хэрэгтэй. Харин одоогоор хувьд нь төдийлөн анхаарах шаардлагагүй.

-Сонгуулийн жагсаалтад хуучин дарга нараа оруулахгүй. Бүлгүүдийн төлөөллүүдийг жагсаана-


-Та нэгэнтээ жагсаалтын талаар хөндлөө. Энэ удаагийн сонгуульд танай намаас жагсаалтаа хэрхэн бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ. Нам сонгох уу, 2000 хүний нэрнээс сонгох уу гэх мэтээр олон нийтийн дунд эргэлзээ байсаар байна?

-Жагсаалтыг нээлттэй байдлаар явуулна. Сонгогч нам л дугуйлна гэсэн үг. Намын зүгээс жагсаалтаа зарлах юм. Манай намын зүгээс жагсаалтаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр сууриар явах төлөвлөгөөтэй байгаа. Тэрбээр жагсаалтаа нийгмийн бүлгийн төлөөллүүдээр бүрдүүлэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй, эмэгтэйчүүдийн, малчин, эмч гэх мэт хүмүүсээ жагсаалтаар оруулна. Хуучин дарга нараа жагсаалтаар оруулахгүй.

Жагсаалтын эхний хэсэгт залуучууд, нийгмийн бүлгүүд бичигдэнэ. Ардчилсан намын зүгээс ч нийгмийн бүлгүүдийн төлөөллийг жагсаалтад оруулахаа мэдээлсэн. Тэгэхээр 2024 оны сонгуулийн намын жагсаалт ард түмний сонирхлыг татсан хүмүүс орж ирэх нь лавтай. Хувь хүний зүгээс би Л.Оюун-Эрдэнэ даргад итгэж байна. Магадгүй түүний дараагийн орыг нь залгах нэгэн мөнгөөр худалдагдаж болно. Хэрэв тийм нөхцөл байдал үүсвэл энэ жагсаалтын эхэнд бичигдэхийн тулд мөнгө төлдөг болохыг үгүйсгэхгүй юм.

Гэвч одоогийн Засгийн газар өнөөдрийг хүртэлх асуудлуудыг зоригтой гаргаж тавьж, шийдвэрлэж байгаа тул Ерөнхий сайдад итгэж байна. Мөн сөрөг хүчин Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт ч итгэж байгаа.

-Түүхэндээ анх удаа төсвийн орлого ашигтай гарч буйн улмаас тодотгол хийнэ-

-ҮХӨ-ийг хэлэлцэж байгаа явцад бусад хуулийн төслийг хэлэлцдэггүй. Гэтэл энэ удаад бусад дагалдах олон хуулийн төслийг хэлэлцэж байгаа шүү дээ. Зарим нь үүнийг хууль зөрчсөн гэх юм?

-Дарааллын дагуу хэлэлцэх ёстой томоохон хуулийн төслүүд бий. Нийгмийн даатгал болон Боловсролын багц, хүнд, хөнгөн үйлдвэрүүдийн тухай хуулийн шинэчлэлүүд хойшилсон. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөө энэ долоо хоногтоо батлана гэх хүлээлттэй байгаа. Тэгсэн цагт дараа дараагийн хуулийн төслүүдээ хэлэлцэх юм.

Монголын парламент уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах хуулийг анх удаа баталлаа. Монгол Улс тонн тутамд 100 ам.долларын ашигтай ажиллаж байна. Хөрөнгийн бирж дээр дэлхийн томоохон уул уурхайн компаниуд бүртгүүлсэн. Үүний ачаар ам.доллар болон юанийн ханш тодорхой хэмжээнд буурлаа. Бид сайжирч, урагшилж байна.

Дэгэндээ бол боломжтой. Товчоор дүгнээд хэлэхэд ҮХӨ-өө баталсны дараагаар бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд явах юм. Тэгэхээр хууль зөрчсөн хэмээн үзэж болохгүй.

-Төсвийн тухай хууль болон төсвийн тодотголыг давхар хөндөж байгаа. Томоохон агуулгуудыг нэг дор хөндөх хэр оновчтой вэ. Нөгөө талаараа төсвийн тодотгол хийх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл шүү дээ. Төсөвт тодотгол хийх тухай хуульд нарийвчлан зааж өгсөн?

-Иргэдийн цалинг хэрхэн нэмэх талаар Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам судалгаагаа хийсэн. Улмаар ирэх сараас цалинг нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн өөр нэгэн ажил нь тэтгэврийн зөрүүг арилгах судалгааг хийж дууссан явдал юм.

Тиймээс ҮХӨ-өө хэлэлцэж дууссаны дараагаар цалин тэтгэврийг нэмэх асуудлыг хөндөнө. Улмаар ирэх зургаадугаар сараас 2024 оны гуравдугаар сар хүртэл инфляцаа алдахгүйгээр цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэх асуудлыг МАН-ын бүлэг дээр гаргасан. Гэвч Сангийн яамнаас цалин нэмэхэд инфляцаа алдах вий гэх болгоомжлолтой байна.

Мөн төсвийн орлого давуулан биелэлттэй гарлаа. Гацсан томоохон бүтээн байгуулалтуудыг хөдөлгөж эхлэх талаар Эдийн засгийн байнгын хороон дээр хөндөж байна. Өнөөдөр бүлгийн хурлаар шийдвэр гаргаж, парламентаар оруулж, батлагдаад явах байх. Нэг жишээ дурдахад 30 жил хөлдүү байсан Асгатын мөнгөний орд энэ жилээс эхлээд ажиллаж эхэлнэ.

Улсын төсвийг хуулиараа тухайн оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталдаг. Төсвийн хүрээний мэдэгдэл гэх мэт зүйлсийг эхнээс нь хийгээд явж байна. Монгол Улс түүхэндээ анх удаа ашигтай ажилласан тул төсөвтөө тодотгол хийх гэж байгаа юм. Өмнө нь дандаа алдагдалтай ажиллаж байсан тул тодотгодог байсан. Энэ удаад ашигтай ажилласан болохоор тодотгол хийх гэж байна. Түүхэндээ анх удаа шүү.

-Тэгэхээр та төсвийг заавал алдагдалтай үед хийх шаардлагагүй гэж хэлэх гээд байна уу?

-Нүүрсний экспортоос хамаарч төсвийн орлого ашигтай байсан. Ер нь бол бизнес шүү дээ. Нүүрсний үнэ буурч байгаа нь үнэн. Учир нь Австрали хөдөлгөөнд орж, Хятад руу нүүрс экспортолж эхэлсэн. Гэсэн хэдий ч манай нүүрсний экспорт сайн байгаа нь үнэн. Нүүрсний бирж дээр ашигтай ажиллаж байгаа боловч тээвэр дээр багахан асуудал үүсэж байна. Ийм зураглал л бий.

Тодотголыг заавал алдагдалтай ажилласан үед хийх албагүй. Үг нь өөрөө ч тийм утгатай. Төсөв батлах хүртэл хэд ч бол хэдэн удаа тодотгол хийж болно шүү дээ. Тиймээс алдагдалтай үед л тодотгол хийдэг гэж ойлгож болохгүй. Зарим нэг төслийг урагшлуулах, үйлдвэрээ ашиглалтад оруулах, цалинг үнийн өсөлттэй уялдуулж нэмэх гэх мэтийн улмаас тодотгол хийж болно. Цалин нэмэх нь ч гарцаагүй.


-Тойрогтоо очиж ажиллахад ямар асуудлуудыг голчлон хөндөж байна?

-Хуралдаанд оролцогчдын 80 орчим хувь нь цалин нэмэх асуудлыг хөндсөн. Учир нь бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа тул инфляцтай уялдуулж цалин, тэтгэврийг нэмэхийг шаардаж байна.

Мөн энэ өвөл хүндхэн байлаа. Өнгөрсөн жил зуншлага тааруу байсан. Үүний улмаас хадлан тэжээлээ хангалттай бэлдэж чадаагүй. Энэ жил ч хүйтэн хавар боллоо. Өвөлжилт хүнд байсантай холбоотойгоор баруун аймгуудаар тэжээлийн үнэ Улаанбаатараас хоёр дахин үнэтэй байсан. Зарим хивэгний асуудлыг Оросын талаас шийдүүлсэн. Өвөлжилт хүндрэх нь тодорхой байсан тул Хөдөө аж ахуйн байнгын хорооны мал махны экспортыг би хариуцаж ажилласан. Аравдугаар сараас дөрөвдүгээр сарын хоорон дахь мэдээллийг харахад Монгол Улс 150 сая ам.долларын мах экспортлосон байна. Малаа онд оруулж чадалгүй үхүүлснээс ашиг олсон нь энэ.

Энэ жилийн хувьд зуншлага сайн байх төлөвтэй байгаа боловч өнгөрсөн өвлийн өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор нөөцөө сайн бүрдүүлэх шаардлагатай гэдэг нь харагдлаа. Зарим өвс тэжээл харлаж, муудсан, мал идэх аргагүй болсон байна. Тиймээс Монгол Улс аюулгүйн нөөцөө үнэн бодитоор бүрдүүлэх шаардлагатай гэдгээ тойргоороо ажиллахдаа агуулга, сав харж мэдлээ. Мөн шийдэх асуудал ч мундахгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.