Н.Энхболд: Жагсаалтаар орох нэр дэвшигчдийн нэрс нээлттэй байна
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болно. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй уялдуулж энэ удаагийн Сонгуулийн хуулийг батлах юм. Хуулийн талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоос цөөн асуултад хариулт авлаа.
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ сардаа багтаан батлах уу?
-Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зургадугаар сарын 25 гэхэд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталсан байх ёстой гэж заасан. Мөн Үндсэн хуульд шаардлагатай бол ээлжит сонгууль болохоос нэг жилийн өмнө УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан байх ёстой гэсэн заалт бий. Ийм хоёр баримт бичгээр тулгагдсан учраас зургадугаар сарын 25 гэхэд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталсан байх ёстой.
Гишүүдийн тоог нэмсэнтэй холбоотойгоор УИХ-ын Сонгуулийн тухай хуульд тодорхой өөрчлөлтүүд оруулж таарна. Тойргийн хуваарилалт дээр ч, жагсаалтаа ямар байх талаар ч тэр. Ерөнхий нэг харгалзах зүйл бол одоогийн 76 тойргийг хэвээр үлдээх нь зүйтэй гэдэг ойлголцлын үндсэн дээр 78:48 гэж гарсан. Хоёр мандат нэмэгдэж байгаа. Хэлэлцүүлгийн явцад шийдэх учраас одоо хэлэхэд эрт байна. Гишүүдийн дунд янз бүрийн байр суурь байгаа. Би хувьдаа хүн ам их төвлөрсөн Улаанбаатар хотод нэмэх болов уу гэж бодож байна. Би хуулийн төслийг санаачлагчийн хувьд ажлын хэсэгт орж ажиллахгүй. Ажлын хэсэгт нэлээд олон гишүүн байгаа учраас эцэслэн шийдэх байх.
-Хуульд сонгуулийн зардлыг бууруулах дээр ямар өөрчлөлт оруулах вэ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд ч сонгуулийн зардлыг бууруулах асуудлыг хөндөж байсан?
-Гишүүдийн тоог нэмсэн учраас үүнтэй холбоотойгоор аливаа зардлыг боломжтой дээд хэмжээгээр бууруулах асуудал байгаа. Үүнийг Сонгуулийн хуулиар зохицуулна. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс харахад ч сонгуулийн зардлыг 40-50 хувь бууруулах ёстой. Сонгууль мөнгөний арга хэмжээ боллоо гэдэг шүүмжлэл маш их байна.
Зардал буурахтай холбоотойгоор хэвлэж тараадаг материалаас эхлээд хэрэглэдэг унаа, ухуулагчдын тоо гээд бүх зүйлийг бууруулах болов уу. Мөн саналыг тоолохтой холбоотой техникийн зохицуулалтын олон асуудлыг СЕХ нэлээд идэвхтэй оролцож байгаа. Мөн сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүргийг Засгийн газар хүлээж байгаа. Мөн одоо байгаа хар машин нэлээд хэрэглэгдчихсэн, программ хангамжийг шинэчлэх шаардлага байгаа хүсэлтийг СЕХ-оос ирүүлсэн. Үүнийг харгалзаж үзэж, шаардлагатай бол техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, боловсронгуй болгох шаардлага үүснэ.
-Хар машиныг шинэчлэх юм уу?
-Иргэдийн дунд хар машинаар тоолоход будилаантай гэсэн ойлголт байдаг юм байна. Тухайлбал, суман дээр очиход хар машин буруу гэж мэр сэр ярьсан тохиолдлууд гарсан. Сүүлийн сонгуулиудаар машинаар тоолоод дүнг нь гараар 100 хувь нягталж тоолдог тогтолцоонд шилжчихсэн ямар ч алдаа, зөрүү гарч байгаагүй. Тухайн тойрог дээр цөөхөн хүний саналаар ялагдсан нэр дэвшигч хүсэлт, гомдол гаргаад бүх газруудын саналыг гараар тоолоход машинаар тоолсноос зөрсөн тохиолдол нэг ч гарч байгаагүй. Тиймээс хар машинд итгэлтэй байж болно гэж хэлмээр байна.
-Жагсаалтын нэрсээ нээлттэй байлга уу, хаалттай байлгах уу гэдэг олон нийтийн анхаарлын төвд байна. Үүнийг Сонгуулийн хуульд хэрхэн тусгах вэ?
-Жагсаалт нээлттэй байна. Өөрөөр хэлбэл, жагсаалтад ямар хүмүүсийг оруулсан бэ гэдэг нь бүгд нээлттэй байна. Түүнийг яаж байршуулах, тоолох, хүмүүст сурталчлах вэ гэдэг нь тусдаа асуудал. Түүнээс биш намын нэр тавьчаад бид 50 хүн дэвшүүлж байгаа шүү гээд цаана нь дараад үлдчих юм байхгүй. Жагсаалтыг нь хараад энэ намаас ийм хүмүүс нэр дэвшиж байгаа юм байна, энэ нь ийм бүлэг, энэ нь ийм давхаргыг төлөөлж байгаа юм байна гэдэг нь маш тодорхой байна. Намууд хэрэв нийгмийн хүсч хүлээж байгаа хэмжээний жагсаалт гаргаж, зөв хүмүүс оруулж чадахгүй бол тэр нам ирээдүйгүй л гэсэн үг. Санал авахгүй гэсэн үг. Тэгэхээр ямар ч асуудал байхгүй, жагсаалтад орох хүмүүсийн нэрс бүрэн нээлттэй байна.
-Нэг саналын хуудас дээр 48 хүний хүний нэр багтах уу. Техникийн боломж бий юү?
-Үүнийг Сонгуулийн хуулийн ажлын хэсэг дээр ярина. Бид өмнө нь намын жагсаалтаар сонгууль хийгээд үзсэн. Тэгэхэд саналын хуудсан дээр нэрс нь байгаагүй. Гэхдээ сонгуулийн хэсэг бүр дээр хүссэн хүн бүхэнд нэрсийг өгөх боломж хангалттай байсан. Хэрэв техникийн нөхцөл боломж нь хангалттай байгаад яг одоо намдаа өгөх үү, намын жагсаалтад байгаа хүнд өгөх үү, эсвэл аль нэгэнд нь өгч болно тэр нь намд өгсөн санал гэж эцэслэж гарах уу гэдгийг эцэслэж шийдээгүй байна. Гэхдээ жагсаалтаар орох нэр дэвшигчдийн нэрс нээлттэй байна гэдгийг баттай хэлье.