2023.06.22
Б.Дэлгэрсайхан: Соён гэгээрүүлэх ажилд Соёлын яам хэрхэн ажиллах вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Энэ хуулийг дэмжиж байна. Цаашид өв соёлоо боловсролтойгоо уяж, хойч үедээ өв соёлтой гэдгээ үлдээхэд боловсролын хуульд оруулсан зүйл байна уу? Бид нар юутай байгаагаа мэддэггүй улсууд юм байна лээ шүү дээ. Сургуулийн хүүхэд байтугай томчууд нь мэдэхгүй байгаа. Дорноговь аймагт тавдугаар ноён хутагтын 220 жилийн ой болно.
Танай яамнаас гаргасан тушаалыг үзлээ. Дэмжсэн. Гэхдээ яагаад гурван аймаг хамтарч хийнэ гэж тушаал гарсан бэ? Хаа байсан Дундговь үүнд ямар хамаатай юм. Догшин ноён хутагт чинь Монгол хүн шүү дээ. Юнеско-д бүртгэлтэй. Монгол хүнийг Монгол даяараа сурталчлах арга хэмжээг Соёлын яам зохион байгуулах үүрэгтэй биз дээ. Тиймээс та нар гаргасан тушаал шийдвэрээ эргэж хараарай. Цаашдаа энэ хүнийг болон уран бүтээлийг сурталчлах арга хэмжээг Монгол даяар орон нутгийн засаг, захиргаатай нь хамтарч орон нутгийн соёлын газраар нь дамжуулан дэмжлэг, туслалцаа үзүүлэх асуудалд яам яаж анхаарах вэ?
Өмнө нь танай яам байхгүйд Байгаль орчны яамд харьяалагддаг байсан. Тэр үед Цэрэнбат сайд байсан. Ингээд танай аймгийн сүм хийдийг дэмжиж байна гээд 200 сая төгрөг өгсөн. Жижигхэн усны машин ламд бэлэглээд үлдсэн мөнгө нь алга болсон. Сүм хийд олон нийтийн өмч болохоос нэг хүний өмч биш шүү дээ. Тиймээс та нар улсын мөнгийг хэдэн лам нар аваад, идэж уудаг асуудлыг өөрчлөх ёстой юм биш үү?
Аймаг орон нутагт аялал жуулчлалыг татахын тулд аялал жуулчлалын бааз байгуулах зэргээс эхлээд олон арга хэмжээ авах гэхээр Байгаль орчны яам нь тусгай хэрэгцээнд авна гээд элийрээд байдаг. Дараа нь энэ хууль хэлэлцэхэд Байгаль орчны сайдаа дагуулж орж ирээрэй.
Түүний асуултад Соёлын сайд Ч.Номин хариуллаа.