Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсмын Засгийн газраас 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн санаачлагчийн илтгэлийг Соёлын сайд Ч.Номин нэгдсэн чуулганы хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсын “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1.2-т “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй улс болно. Монгол хүний оюуны бүтээлийг дэлхийн зах зээлд сурталчлах төсөл хэрэгжүүлнэ...” гэж, 4.2-т “Бүтээлч үйлдвэрлэл хөгжлийн бодлогын суурийг тавьж, бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлнэ” гэж, 9.5-д “соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, соёл, урлагийн зах зээлийг өргөжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулна” гэж заасан.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 4.2.4-т бүтээлч үйлдвэрлэлийн ийн хөгжлийн бодлогын суурийг тавихаар заасан. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.3.3-т “... үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацийн салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгож, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж зорьсон.
Мөн Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар тэмдэглэлийн 4-т “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хуулийн төслийг боловсруулж танилцуулах” үүргийг Соёлын яаманд даалгасан.
Манай улсын хувьд соёлын салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж үйлчилж байгаа боловч өөрийн орны өвөрмөц онцлогийг хадгалан, нөөц боломж, технологийн хурдацтай хөгжил, дижитал шилжилт зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж давамгай соёлын нөлөөлөл болон дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнийг даван туулах, мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцоор нь төрийн бодлогоор дэмжих зохицуулалт хангалтгүй байна.
Иймд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг бодлогын баримт бичгүүдэд заасан зорилт, практик шаардлагад нийцүүлж боловсрууллаа.
Хуулийн төсөлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хэлбэр, удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах юм.
Уг хуулийн төсөл батлагдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц нэмэгдэнэ. Мөн төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэр тодорхой болж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх, түгээхтэй холбоотой үе шат бүрд бүртгэл, мэдээллийн тогтолцоо нэвтэрч, соёлын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг хэмжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Түүнчлэн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар сайжирч, гадаад зах зээлд өрсөлдөх боломж бүрдэн, ажлын байр нэмэгдэж, Монгол хүний шавхагдашгүй баялаг оюуны бүтээлийг сурталчлах, эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхыг бүрдүүлэх юм.