2023.06.22

С.Одонтуяа: Соёлын бүтээлч үйлдвэрлэлээ дэмжих цаг болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Энэ хуулийг дэмжиж байна. Зарим гишүүд Соёлын хууль дээрээ оруулахгүй юм уу гэж байна. Соёлын хууль бол өөр,манай улсын нийтлэг соёлын тухай. Харин энэ хууль бол бидний хүсээд байгаа эдийн засагжуулья, бүтээлч санааг нь зах зээлд хөгжүүлье, дэлхийн зах зээлээс мөнгө босгоё. Манайд авьяастай зураач, дуучид гээд олон хүмүүс бий. Үүнийг дэлхийн зах зээлд оруулж өгье гэсэн зоригтой хууль гэж харж байна. Салбарын сайд нь бизнесийн салбарт ажиллаж байсны давуу тал харагдаж байна. Дэлхийн улс орнуудын мөнгө олдог талбар маш өөр болсон. Бид уул уурхайтайгаа зууралдаад, нүүрс гаргана гээд хэдэн хувийн хэвшлээ хаагаад төрийн хэдэн компани уул, уурхайн нүүрс олж, мөнгөтэй болж түүнийгээ хуваадаг. 

Гэтэл Монголчуудад мөнгө олж болох салбар бол соёлын бүтээлч салбар юм. The Hu  хамтлагийг хар, дэлхийд яаж нэрээ гаргаж байна. Солонгосын BTS хамтлаг, хэдэн мянган тонн нүүрснээс хэд дахин давсан орлогыг нэг цагийн дотор олж байна. Үүнд төрийн бодлого маш чухал. Энэ салбарт зоригтой орохгүй бол өнөөдөр социализмын үеийн соёлын үйлдвэрлэлээсээ хэтрэхгүй байна. тэр үед өөр байсан. харин өнөөдөр өөр болсон. Одоо зоригтой уран бүтээлчдээ дэлхийн зах зээлд оруулах хэрэгтэй. Гишүүд дэмжээд, хэлэлцэх явцад алдаа, оноогоо засаад оруулаад явах ёстой.

Миний хувьд БНХАУ-д очоод эмэгтэйчүүдийн гар урлалын бүтээлтэй танилцлаа. Хэрхэн бүтээж, ядуурлаас гарсан талаар асуулаа. Ерөөсөө л бүтээлч үйлдвэрлэлийг дэмжсэн байна.  Манай улс энэ салбарт хоцорсон, зоригтой дэлхийн зах зээлд гарах ёстой. Улс орон бүрт жижиг жижиг зүйлээрээ дэлхийн зах зээлд гарах хэрэгтэй. Сингапур улс нэг хэсэг электрон бараа гэдэг байсан, харин өнөөдөр соёлын бүтээлч үйлдвэрлэлээрээ асар их мөнгө олж байна. Монгол залуучууд зургаа онлайнаар борлуулж цагийн дотор хэдэн сая төгрөг олж байгааг харсан. Уул, уурхай хангалттай ярилаа. УИХ-ын гишүүд ийм хоцрогдсон байхаар энэ улс яаж хөгжих вэ. Үүн дээр зоригтой ажилларай, зоригтой ажиллах гэж байгаа хүмүүсээ дэмж. Соёлын хуулиас шал өөр Монгол улсын хэдэн мянган түүхтэй соёлыг түгээж байгаа мянга мянган уран бүтээлчдийг дэлхийн зах зээлд гаргаж, хөгжүүлье гэсэн санаа юм.

Ч. Номин сайдаа Чойжин ламын сүмийн гадна талд өөрчлөлт хийхгүй энэ хэвээ хадгалагдаж байж соёлын өв дурсгалт газар болно шүү. Миний хувьд энэ хуулийг хэлэлцэх явцад оролцъё, судалгаагаа хийе гэж бодож байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn