2023.06.28

Бэлчээр, нутгаа хайрлах иргэдийн хүсэлтийг ажил хэрэг болгож байна

Манай улсын мал сүргийн тоо 2022 оны эцэст 71.1 сая толгой болсон. Тоо өсөхийн хэрээр мал сүргийн нөхцөл байдалд байгалийн эрсдэлт хүчин зүйл болон бусад зүйлээс шалтгаалан олон асуудал бэрхшээл үүссээр байна. Үүнээс сүүлийн жилүүдэд бэлчээрийн хомсдол нэн тэргүүний шийдэх ёстой асуудал болоод байгаа юм. 

Өнөөгийн парламентад суудалтай УИХ-ын гишүүдээс малчдын ахуй амьдрал, амьжиргааны нөхцөл байдалд анхаардаг гишүүн гарын таван хуруунд багтахаар цөөн. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Ц.Идэрбат билээ. Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Орон нутгийнхаа гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан хүний хувьд малчин ард иргэдийнхээ ахуй амьдрал, мал  аж ахуйн салбарын зовлон бэрхшээлийг сайн мэднэ. 

Тиймээс ч тэрбээр УИХ-ын Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний хувиар малчдынхаа санал, хүсэлтийг чуулганы танхимд илэрхийлэн, тэдний эрх ашиг, сонголтыг дээдэлж ажилладаг.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Эргэх холбоо” хэмээх иргэдээ сонсох уулзалтыг жил бүр зохион байгуулж тойрогтоо хүрч очин, сонгогчдынхоо санал, хүсэлтийг авч УИХ-д уламжлан шийдэхийн төлөө зорин ажиллаж буй. Энэ ч утгаараа зарим асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгааг тойргийн иргэд нь андахгүй. Үүний нэг жишээ бол хэдхэн хоногийн өмнө аймаг дундын отрын бүс нутгийн нөхцөл байдлыг судлан Хэнтий аймагт ажиллалаа.

Өнгөрөгч гуравдугаар сард болсон  “Эргэх холбоо” иргэдээ сонсох уулзалтын үеэр отрын бүс нутагт газар нутаг нь харьяалагдах Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Жаргалтхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны иргэдээс дэвшүүлсэн саналыг УИХ-ын БОХХАА-н байнгын хороонд уламжилж, асуудлыг хэлэлцүүлсэний дүнд байнгын хорооны дэргэд УИХ-ын 7 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.

Уг ажлын хэсэг отрын бүс нутгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, малчдын санал, хүсэлтийг сонсож газар дээр нь ажиллаад ирсэн юм. 

Отор нүүдлээс үүдэн малын өвчлөл, сэг зэмээ асга хад, жалганд ил задгай орхигдуулдаг, хариуцлагагүй, хээл хахууль, авлига өгч өнжиж, урт хугацаанд сууж байгаа жишиг бий. Мөн оторчид отрын бүс нутагт өвөлжөөд дөрөвдүгээр сарын нэгнээс гарах журмаа мөрддөггүй, орж ирсэн бол өвөлжөө, хаваржааны газартай болж суурьшихаар шийддэг зэргийг малчдын зүгээс хэлсэн юм.

Түүнчлэн тэдний зүгээс газар нутаг нь унаган төрхөө алдаж, бэлчээрийн доройтолд орж буйг анхаарч цаашид бодлогоор хамгаалах, иргэдийн олон жилийн хүсэлтийг хүлээн авч тодорхой шийдвэр гаргахыг хүссэн.

Харин Ц.Идэрбат гишүүн саяхан болсон “Бэлчээрийн үндэсний зургадугаар форум”-д оролцох үеэрээ “Бэлчээр ашиглалтад төр оролцохгүй байх боломжгүй болсон. Бэлчээрийн асуудлаар малчидтай уулзахад  тордох, сэргээх тал дээр иргэд төрийн шийдвэр гаргахыг дэмжиж байгааг онцолсон билээ. Мөн нийт бэлчээрийн дийлэнх нь доройтсон ч цаг алдахгүй сэргээх, хамгаалах ажлыг хэрэгжүүлж чадвал сэргэх боломжтой” гэсэн юм. 

Тэрээр бүрэн эрхийнхээ хүрээнд бэлчээрийн газрын ашиглалттай холбоотой асуудлуудыг шийдэх, нарийвчилсан зохицуулалтуудыг хуульд оруулах шаардлагатай гэж үзэж УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамтаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. 

Бэлчээрийн доройтлын түвшин аймаг, сум, баг бүрд харилцан адилгүй. Цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа, төрийн оновчгүй бодлогоос улбаалсан бэлчээрийн газрын хөрсний үржил шимийн бууралт 2050 он гэхэд 3-4 дахин эрчимжих хандлагатайг олон улсын мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаанд дурджээ. 

Тиймээс бэлчээрийн зохицуулалт, ангилал, хил зааг, хэмжээ, байршлыг тогтоох, бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах, эдгээр үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, оролцогч талуудын эрх, үүргийг тогтоох зэрэг харилцааг тусгайлан зохицуулахаар уг хуульд оруулаад байна. 

Ийнхүү Ц.Идэрбат гишүүний хувьд малчдын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн төлөө ард түмний дуу хоолой болж, ажил хэрэг болгон хэрэгжүүлж байна. Харин отрын бүсийн нөхцөл байдлыг судлах ажлын хэсгээс иргэдийн саналыг нэгтгэн боловсруулж УИХ-ын БОХХАА-н байнгын хороонд танилцуулж, байнгын хорооны шийдвэрийг Засгийн газарт уламжлах юм.