Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хойшлууллаа
2023.07.06
УИХ-ын үйл ажиллагаа

Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хойшлууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. 

Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компаниудад гарч буй “нүүрсний хулгай” асуудал нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудал тул Үндсэн хууль болон холбогдох хуулийг үндэслэн Улсын Их Хурлын 19 гишүүн хянан шалгах түр хороо байгуулах санал гаргажээ.

Төрийн бол олон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компаниуд, ялангуяа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн өмчийн оролцоотой “Таван толгой” ХК-д гарсан “нүүрсний хулгай” гэх асуудлаар иргэд олон нийтийн дунд үүсээд байгаа эргэлзээтэй, Монгол Улсад хохирол учруулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг тодорхой болгох, хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа нүүрсний хулгайтай холбоотой хэргүүдийн мөрдөн байцаах ажиллагааг хугацаа алдалгүй шуурхай явуулахад Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг үзүүлэх нь нэн чухал гэж үзсэн байна.

Улсын Их Хурлаас төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинэчлэн судлах, нээлттэй сонсгол зохион байгуулах, ард иргэд олон нийтийг мэдээллээр хангах арга хэмжээг авах шаардлагатай байгаа хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Улсын Их Хурлын даргын 2023 оны 107 дугаар захирамжаар “нүүрсний хулгай”-н асуудлыг Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, авлигатай тэмцэх, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл хяналтын асуудлаар Улсын Их Хурлын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгээс “нүүрсний хулгай”-тай холбоотой асуудлаар дагнасан хяналт шалгалт явуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог байгуулан ажиллуулж, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулах, тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий түр хороо байгуулах санал, дүгнэлтийг гаргасан. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн төрийн болон орон нутгийн өмчит төрийн өмчийн оролцоотой компаниудын нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар дагнасан хяналт шалгалт эрчимтэй явуулах, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангаж, тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг боловсруулсан байна.

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Батжаргал, Б.Жаргалмаа, Х.Нямбаатар, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар ажиллахаар төсөлд тусгажээ.

УИХ-ын тогтоолын төслийг өмнөх Түр хорооны тайланг сонссоны дараа үргэлжлүүлэн хэлэлцэхээр түр хойшлууллаа.