Тайланд улсаас ирэх нислэгийн тоог нэмэх, тогтмолжуулах асуудлаар уулзлаа
2023.07.19

Тайланд улсаас ирэх нислэгийн тоог нэмэх, тогтмолжуулах асуудлаар уулзлаа

Монгол-Тайланд, Тайланд-Монгол чиглэлийн нислэгийг нэмэгдүүлэх, харилцан аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын Хаант Улсын тур операторуудын төлөөлөл болох “DUNAMIS777” ХХК-ийн Захирал Буадит Санудда болон холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын хүрээнд Тайланд улсаас Монгол улсад буух нислэгийн зөвшөөрлийн хугацаа нэг сараар олгогдож, сунгагддаг бөгөөд үнийг сунгаж, нислэгийг хуваарьт оруулж өгөхийг хүсэж буйгаа Тайландын талаас илэрхийлэв.

Монгол улсын хувьд нислэгийн хуваарь жилд 2 удаа батлагддаг. Хоёр улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд нислэгийн тоог нэмэгдүүлэх, тогтсон хуваарийг батлах, төлөвлөлтөд оруулах боломжтой. Ингэхдээ нислэгийн томилгооны бичгийг авиа компани албажуулан ирүүлсэн байх ёстой бөгөөд холбогдох журмын хүрээнд шийдвэрлэх боломжтойг ИНЕГ-аас тайлбарлалаа. 

Хоёр орны тур операторуудын төлөөллүүд цаашид аяллын төлөвлөгөө гаргаж хамтран ажиллах бөгөөд одоогоор Тайланд улсад аялал зохион байгуулдаг 10 гаруй тур операторууд кластер болон нэгдэн ажиллаж байгааг “Аргамаг тур" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бахатгүл онцлон танилцуулав.

Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч. Мөнхтуяа, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, "Монголын IATA агентуудын холбоо"-ны тэргүүлэгч Д.Мөнхбат, "Аргамаг тур" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бахатгүл болон холбогдох албынхан оролцлоо.