Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг салбарынхан хэлж байна
2023.08.11

Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг салбарынхан хэлж байна

”Монголд зочлох жил”, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулах, зорилтот орны жуулчдыг татах, гадаад сурталчилгааг цаг алдалгүй эхлүүлэх талаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхантай санал солилцлоо.

”Нью жуулчин” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй:

- Монголд өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Үүнд олон улсын болон дотоодын тогтмол нислэг нэн шаардлагатай байна. Манай компани Хятад, Японы талаас жилийн турш тус бүр 3000 жуулчин хүлээн авсан. Энэ тоог нэмэхэд өвөл, зун гэж ялгалгүй нислэгийн тоог тогтмол байлгах хэрэгтэй. Мөн өвлийн аялал жуулчлалын үеэр халаалт, дулаан, цахилгааны хэрэглээнд зардал их гардаг тул цахилгааны улирлын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн БНХАУ, Тайвань, Япон Улсаас Монгол руу ирэх нислэгийг тогтмол болговол бид өвлийн улиралд ч жуулчны урсгалыг тасралтгүй байлгах боломжтой.

Архангай аймгийн “Эртний нүүдэлчдийн өлгий” Аялал жуулчлалын холбооны Тэргүүн Д.Дашцэрэн:

- Байгалийн давтагдашгүй бүтээл болон халуун рашаанд түшиглэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Гэтэл аймаг, сумын ЗДТГ-аас замбараагүй газар олгож байгааг цэгцэлж олон улсын стандартад нийцсэн баазыг халуун рашаануудад түшиглэн байгуулж чадвал өвөл жуулчид ирэх нөхцөл бүрдэнэ. Мөн шашны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтарч ажиллах боломжтой гэлээ.

“Зуут трэйвел” ХХК-ны захирал А.Энхзул:

- Бусад улсын жишгийг харахад өвөл томоохон мөсөн хот, хотхон байгуулдаг. Тухайлбал БНХАУ-ын Харбин хотод өвлийн улиралд зохион байгуулдаг мөсөн хотыг үзэхээр 20 сая жуулчин, ӨМӨЗО-ны Манжуур хотын мөсөн хотыг 2 сая жуулчин үздэг судалгаа байдаг. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж чадвал манай улсад ч боломж бий. Манай компани Хятадын зах зээлд ажилладаг. БНХАУ-ын олон сая дагагчтай инфлүзерүүдийг эх орондоо урих, өвлийн аялал жуулчлалыг сурталчлуулахад бэлэн хэмээв.

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, та бүхэн боломжтой гэсэн чиглэл, асуудлаа төлөвлөж, нарийн тооцоолол гаргах хэрэгтэй. Өвлийн аялал жуулчлалын сурталчилгааг одооноос гадны улс оронд даруй эхлүүлэх, мэдээллээ нэгтгэхийг хүслээ.