Ус, цаг уур орчны шинжилгээний орон нутгийн салбарт ажиллаж зарим асуудлыг шийдвэрлэв
2023.08.07

Ус, цаг уур орчны шинжилгээний орон нутгийн салбарт ажиллаж зарим асуудлыг шийдвэрлэв

ХӨВСГӨЛ АЙМГИЙН УС,ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВД АЖИЛЛАВ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн албан хаагчидтай уулзаж тулгамдаж буй асуудал, ажлын нөхцөлтэй танилцлаа. Тус төвийн барилга 1970 онд баригдсанаас хойш өнөөдрийг хүртэл засвар хийгдэж байгаагүй бөгөөд аймагтаа ганцхан байдаг Байгаль орчны шинжилгээний лаборатори байрладаг байна. Уг байр нь нэгдсэн халаалт, цэвэр бохир усны шугамд холбогдоогүй, гадаа нүхэн 00-той, ариун цэврийн өрөө, хурлын "Заал" байхгүй зэрэг нь ажиллахад хүндрэлтэй байдаг гэв.Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн УЦУОШТ нь цаг уурын 11 өртөө, 15 харуул, ус судлалын 15 харуул, агаар мандлын судалгааны аэрологийн 1 салбар байгаль орчны шинжилгээний лаборатори, гадаргын ус судлалын өртөө гэсэн салбар нэгжүүдэд нийт 122 албан хаагч ажиллаж байна.

Ус судлалын харуул нэг удаа эргүүл хийхдээ 3-10 км-ын зайг өдөрт 2 удаа хийдэг, өвлийн цагт -25 -40 градуст 1м-1.30м-ын цооног гаргаж усны хэмжилт хийхэд зориулалтын багаж байхгүй, усны голдирлын өөрчлөлтийг тогтооход нарийвчлал сайтай GPS шаардлагатай зэрэг асуудлыг хөндөж байв. Уг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төсөв, төлөвлөгөөг танилцуулах үүргийг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн дарга Б.Өнөрбатад БОАЖ-н Сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг өгөв. Мөн БОАЖЯ-наас 2023 оны цаг уурчдын жил болгон зарласантай холбоотой эхний ээлжид шаардлагатай тоног төхөөрөмжийн дутагдлыг арилгах тал дээр анхаарч ажиллана гэв.


Албан хаагчид салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд эхнээсээ үр дүн өгч байгаад талархал илэрхийлж цаашид ажлын бүтээмжээ улам дээшлүүлж, салбарын шинэчлэлд хамтран ажиллана.

​ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН УЦУОШТ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БОАЖЯ-наас 2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарласантай холбоотой албан хаагчдын цалинг шат дараалалтай нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг хийх, ашиглалтаас гарсан харуулын байрыг шинэчлэх ажлууд хийгдэж эхэлснийг мэдээллээ.

  • Ингээд Говь-Алтай аймгийн УЦУОШТ-ийн албан хаагчид тулгамдаж буй дараах асуудалд дэмжлэг хүсэв.Цаг уурын өртөө харуулуудад актад гарсан компьютер дээр албан ажлыг хийж гуйцэтгэж байна. Иймд 6 өртөө, 14 цаг уурын харуул болон 5 ус судлалын харуулд нийт 27 компьютерийн дэмжлэг үзүүлэх;
  • Ус цаг уур орчны шинжилгээний төв 5 ус судлалын харуултай. Ус судлалын харуулын техникийн ажиглалт, хэмжилт хийхэд 5-10 км газрыг өдөрт 2 удаа тойрдог. Үүнд мотоциклийн дэмжлэг үзүүлэх;
  • Цаг уурчид байгалийн аюултай үзэгдэлд хэмжилт хийдэг тул аюулгүй ажиллагааны 4 улирлын хувцастай болгох;
  • Төрийн албан хаагчдад 5 жил тутамд 6 сарынх нь цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг хийх;

Хөхморьт, Тонхил, Бугат сумдад 2023 оноос эхлэн дулааны нэгдсэн шугамд холбох ажил хэрэгжиж эхлээд байна. Иймд уг сумдын цаг уурын өртөөг дулаан халаалтын системд холбох зардлыг шийдвэрлэхэд дэмжин ажиллахыг хүсэв.

Говь-Алтай аймгийн Ус,цаг уур орчны шинжилгээний төв нь 1953 онд “Алтай цаг уурын өртөө” нь 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол өнөөдөр цаг уурын 6 өртөө,14 харуул, ус судлалын 5 харуул гэсэн нийт 78 албан хаагч цаг уур, орчны хяналт шинжилгээг тасралтгүй 70 жил гүйцэтгэж байна


ХОВД АЙМГИЙН УЦУОШТ-Д ШААРДЛАГАТАЙ 65 САЯ ТӨГРӨГ ШИЙДВЭРЛЭВ

БОАЖЯ-наас 2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарласантай холбогдуулан Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн үйл ажиллагаатай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ танилцлаа. Ховд аймгийн УЦУОШТ нь 1938 онд “Цаг уурын товчоо” нэртэйгээр байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа өргөтгөн тэлж тасралтгүй 85 жил ажиллаж байна. Одоогийн байдлаар цаг уурын 9 өртөө, 7 харуул, Ус судлалын 11 харуул, мөстөл судлалын 1 станцад нийт 96 албан хаагч ажиллаж байна.

Уулзалтын үед 1976 онд ашиглалтад орж байсан Ус судлалын харуулын байрны шинэчлэлд 10 сая төгрөг, Ус судлалын харуул нэг удаагийн эргүүл хийхдээ 3-5 км явдаг тул 11 харуул тус бүрт 1 мотоцикл шийдвэрлэж, ажлын бүтээмжээ улам бүр ахиулж ажиллахыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ нийт албан хаагчдаас хүслээ. “Цаг уурчдын нэгдсэн зөвлөгөөн” энэ оны 10 дугаар сард болно.


БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УС,ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ НОГООННУУР СТАНЦТАЙ ТАНИЛЦЛАА

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны хүмүүс Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цаг уурын станцтай танилцав. Энэ үеэр БОАЖЯ-наас 2023 оны “Цаг уурчдын жил” болгон зарласантай холбоотой ОУ-д туршлага судлах, цалин хангамж, хүний нөөц, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны лабораторийг шинэчлэх, машин техникээр хангах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хөрөнгө оруулалтуудыг хийх, 1958 оноос хойш байгаа барилга байгууламж, харуулын цэгүүдийг шинэчлэх ажил эхэлсэн талаар мэдээлэл өглөө.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цаг уурын сүлжээ нь анх 1963 онд ХАА-н цаг уурын харуулаар байгуулагдаж харуулын ажиглагчийн орон тоотой нэг хүн ажиллаж байсан бол 1984 онд Цаг уурын станц болон шинэчилжээ. Өнөөдрийн байдлаар 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж нарны цацрагийн түвшинг хэмжих RDS-110 хэмжигчээр бэлчээрийн хортон шавьж, мэрэгчийн ажиглалт хийхээс гадна 2011 оноос бэлчээрийн төлөв байдлын ажиглалтыг шугам цэгийн аргаар ажиглах өөрчлөлт оруулж ХАА-н цаг уурын ажиглалтын хүрээг тэлсэн тухай Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн дарга П.Жанаргүл мэдээлж байв.

Монгол орны нийт нутгийг хамарсан ажиглалт, ус, цаг уурын үзэгдэл явцыг урьдаас танин мэдэх, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх, 24 цагийн тогтмол үйл ажиллагаатай Баян-Өлгий аймгийн Ус,цаг уур орчны шинжилгээний төвд нэн шаардлагатай цаг уурын станцыг орон нутгийн төсвөөр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо.


УВС АЙМГИЙН ХЯРГАС НУУРЫН УС СУДЛАЛЫН ХАРУУЛЫН ШИНЭ БАЙР БАРИХ 10 САЯ ТӨГРӨГ, АЖИГЛАЛТ, СУДАЛГАА ХИЙХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЯАМАХА БРЭНДИЙН МОТОЦИКЛ ӨГӨХӨӨР ШИЙДВЭРЛЭВ

Увс аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн Хяргас нуурын Ус судлалын харуулын ажиглагч Ю.Бат-Өлзий гүйцэтгэдэг ба нутагтаа 31 жил амьдарч байна. Тэрээр Хяргас нуурын ус, цаг уурын орчны горимын ажиглалт, судалгаа хийдэг тасралтгүй ажиллагаатай юм. Иймд байгаль хамгаалах үйлсэд үнэнчээр зүтгэж байгаад БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ талархал илэрхийлж, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулж шинэ байр барих 10 сая төгрөг, ажиглалт, судалгаа хийх боломжийг нэмэгдүүлэх яамаха брэндийн мотоцикл өгөхөөр шийдвэрлэлээ.

Тус ажиглалтын харуулын цэгийн байр 1976 онд ашиглалтад орсон ба ашиглалтын хугацаа дууссан байв. Түүнчлэн Увс аймгийн Зүүнхангай, Давст, Зүүнговь суманд Ус, цаг уур орчны шинжилгээний харуулыг өртөө болгон өргөжүүлэх шаардлагатай тул уг асуудлыг шийдвэрлэх тал дээр Увс аймгийн УЦУОШТ-ийн дарга Б.Пүрэвсүрэн дэмжлэг хүслээ.