Эрчим хүчний тулгуур багана болсон “Багануур” ХК-ийн 45 жилийн ой тохионо
2023.08.29

Эрчим хүчний тулгуур багана болсон “Багануур” ХК-ийн 45 жилийн ой тохионо

Ойн хүрээнд тус компанийн зүгээс “The Future Of Coal Baganuur 2023” судалгаанд суурилсан шийдэл олох Олон Улсын Эрдэм шинжилгээний хурал, Бизнес форумыг зохион байгуулж буй бөгөөд хурлаар эрчим хүч, хүрэн нүүрсний салбарын ирээдүйг тодорхойлох, эрчим хүчний нүүрсийг хими технологи ашиглан хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх, инновацын бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжийг судлах, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаа юм.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ,

Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүч, нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангаж буй Багануурын уурхай нь өнгөрсөн жил нийт 4.3 сая.тн нүүрс олборлон борлуулсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байсан бол 2023 оны эхний хагас жилийн байдлаар бүхий л төлөвлөгөөгөө 100 болон түүнээс дээш хувиар давуулан биелүүлсэн өрнүүн их амжилтаар 45 жилийн ойгоо угтаж байгаа илч гэрэл түгээгч эрхэм уурхайчдадаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газраас үйлдвэржилтэд суурилсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах замаар хот, хөдөөгийн тогтвортой хөгжлийг хангах нь тэргүүлэх зорилго байсаар ирсэн. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн зах зээлд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Монгол Улс, нийслэл Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй, стратегийн ач холбогдол бүхий томоохон уурхайн хувьд түүхт ойн босгон дээрээ эрчим хүчний салбарын ирээдүйг тодорхойлох, өндөр технологийн дэвшлийг үр бүтээлтэйгээр ашиглах, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, инновацын бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжийг судлах зорилгоор энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа нь нэн чухал юм” гэлээ.

Уг арга хэмжээнд Элчин сайдын яамдууд, Эрдэнэс Монгол ХХК болон Дулааны цахилгаан станцууд, Гадаад дотоодын компаниуд, Start Up компаниуд зэрэг 60 гаруй аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллага оролцож байгаа бөгөөд тус компаниудтай бизнесийн харилцаагаа дараагийн түвшинд гаргах B2B уулзалт, түрээслэх боломжтой объектуудын өртөөчилсөн аялал, уурхайн олборлолтын үйл ажиллагаатай танилцах өртөөчилсөн аялал, техник, технологийн үзэсгэлэнгийн арга хэмжээ, онцгой байдлын ерөнхий газраас агаараас эрэн хайх, аврах ажиллагааны сургуулилтыг зохион байгуулж буй.