2009.05.18

Х.Баттулга: Өөрөө хаанаас ч хайгаад олгохгүй бөхийн унаган авьяас монгол хүнд байдаг

Монголын анхны олимпийн аваргыг төрүүлсэн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, гавьяат тамирчин Х.Баттулгад ярилцлага авах хүсэлт тавихад цааргалахгүй ч эвтэйхэн хойшлуулсаар саяхан нэг уулзах боломж олдлоо. Засгийн газар, Их хуралд давхар хүчин зүтгэж, зав муутайхан явах ч тэрбээр жүдогийн заалаараа заавал ороод гардаг. Энэ нь бичиг, цаастай ноцолдож чилсэн биеэ сэргээхээс гадна шигшээ багийн залуучуудынхаа бэлтгэлийг сонжих боломжийг олгодог бололтой.

-"Бээжин-2008" олимпийн наадмаас хойш та спортын талаар, жүдогийн тухай хэвлэлийнхэнд ер ярилцлага өгсөнгүй. Монголын спортын түүхэн амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан хүний хувьд та олимпийн анхны алтан медаль гэх мэт сэдвээр чанга дуугарах эрхтэй бус уу?

-Олимпийн наадам, анхны аварга, алтан медаль гээд олон хүн ярьж байхад би зэрэгцээд яах вэ. Нээрээ ч "Бээжин-2008"-аас хойш сонин, хэвлэлийнхэнтэй уулзсангүй, тийм зав ч хомс байлаа. Харин Монголын спортын цорын ганц хэвлэл гэдэг үүднээс "Таван цагираг"-ийн урилгад татгалзаж боломгүй санагдлаа.

-Та 2006 оны намар энэ албыг хүлээн авч, багаа бүрдүүлэн ажилласнаас хойш МЖБХ тамирчдынхаа амжилтаар төдийгүй менежмент, зохион байгуулалт, үйл ажиллагаагаараа үлгэр жишээ холбоо болсон. Монголын спортынхны жилийн ажлын тайлан нь гэж хэлж болох "Бөртэ чоно" ёслолд та хоёр жил дараалан шилдэг ерөнхийлөгчөөр тодорч, МЖБХ шилдэг менежменттэй холбоогоор шалгарсан нь үүний илрэл. Та бүхний ажлын амжилтын хөшүүрэг нь юу вэ?

-Одоо бараг бүгд мэддэг болжээ, "Хамтын хүч амжилт" гэсэн холбооны уриаг. Хүн бүр хариуцсан ажлаа бүрэн, үр дүнтэй гүйцэтгэвэл амжилт аяндаа ирнэ. Олимпийн аваргатай холбоо бусдыгаа үлгэрлэн дагуулж, хөтлөх нь зүйн хэрэг биз ээ. Домгийн таван сумын сургаал чинь л энэ шүү дээ.

-Анх МЖБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдож байх үедээ та "Бээжин-2008" олимпийг хэрхэн төсөөлж байв?

-Өөр хаанаас ч хайгаад олохгүй бөхийн унаган авьяас монгол хүнд заяадаг. Тиймээс энэ олимпоос том амжилт хүлээж байсан. Газар ойр, цаг уур ойролцоо гээд олон шалтгаанаар ингэж бодохоос ч аргагүй. Гол бэрхшээл санхүүгийн асуудал, мөн тамирчдын сэтгэлзүйн бэлтгэл. Үүнийг шийдэхэд л анхаарсан даа. Тухайн үед улсаас харьцангуй гайгүй мөнгө төсөвлөсөн, МЖБХ ч багагүй хөрөнгө
зарсан. Мөн тамирчдадаа гадны хүчтэй жүдочидтой сайн барилдах итгэл төрүүлэхийн тулд дэлхийн шилдэг багуудыг урьж авчран ялах бодлого баримтлан хэрэгжүүллээ.

-ОХУ, БНСУ-ын шилдэг жүдочдыг урин халз барилдаан хийсэн нь манай спорт сонирхогчдын таашаалд гойд нийцсэн. Тухайн үед олимпийн дараа үүнийгээ үргэлжлүүлнэ хэмээж байсан. Дараагийн халз барилдаан хэзээ болох бол гэж чих тавьж буй хүн олон байх?

-Тэр үед Монголд олон улсын том тэмцээн болдоггүй байсан. Тиймээс өндөр бооцоотой халз барилдаан хийх замаар дэлхийд шилдэгт орох багуудыг урьж авчран тамирчдынхаа цочоог гаргах, үзэгчдийнхээ нүдийг хужирлах боломжийг эрж хайсан нь тэр. Одоо бол Монгол Улс олимпийн эрхийн оноо олгох Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрхтэй боллоо. Өмнө нь ганц л улсыг урьж авчирдаг байсан бол одоо дор хаяж 30 орны жүдочид ирэх нь. Тэгэхээр халз барилдааныг дахиж хийх шаардлагагүй болов уу.

-Олон дэд ерөнхийлөгчтэй болох "моод"-ыг МЖБХ дэлгэрүүлээд байна. 50 "vice" гэсэн тоо ямар нэг утга агуулж байгаа юу?

-Дараагийн олимпийн аваргууд хөдөө суманд, хонины бэлчээрт олон бай-гаа. Тэдэнд жүдо бөхөөр хичээллэх боломжийг нээж, амжилтад ойртуулахын тулд ийм тогтолцоог нэвтрүүлж байгаа юм. 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, мөн 20 клубийн ерөнхийлөгч гэхээр 50 гэсэн энэ тоо гарна. Дэд ерөнхийлөгч жилд 20 сая төгрөгийн хураамжийг холбоондоо хандивлах үүрэгтэй. Ингэснээр нэг тэрбумын хуримтлал бүрдэнэ. Тамирчид хүссэн тэмцээн-дээ толгой өвдөхгүй явж, бэлтгэл сургуулилтаа нэгэн үзүүрт сэтгэлээр хийх нөхцөлийг бүрдүүлэхэд энэ хангалттай мөнгө. Мөн хүндхэн байгаа улсын маань нурууг бага ч болов хөнгөлөх ач холбогдолтой.

-20 сая гэдэг бага тоо биш. Дэд ерөнхийлөгч болох хүсэлтэй хүн тэгээд хэр олон байна вэ?

-Олимпийн аваргатай болсноос хойш хүмүүсийн жүдод, спортод хандах хандлага эрс сэргэсэн. Мөнгөн дүн бол чухал биш. Гэхдээ хүн өгсөн мөнгөө яаж зарцуулж байгаад хяналт тавих нь гарцаагүй. Ингэснээр хуримтлагдсан төсөв маань зөв зүйлдээ хүрэх учиртай. Одоогоор төлөвлөсөн тооны талаас илүү нь эзэнтэй болоод байна. Жүдо барилдаж
байсан, барилддаг бизнесмэнүүд олон. Тэд маань төрөлх нутгаа хариуцаад ажиллах юм.

-Тантай олимпийн тухай ярихгүй өнгөрч болохгүй. Монголын багт хамгийн олон төлөөллөө оруулсан жүдочид "Бээжин-2008"-ын эхний өдрүүдэд тааруухан байсан. Тэр үед та хоосон харих вий гэж эмээж байв уу?

-Мэдээж бөхчүүд маань ялагдаад байхаар ямар олиг байх вэ. Медаль ч үгүй буцах вий гэж нервтэж байсан нь үнээн. Гэхдээ бүх л өдөр барилдсан бөх бүртээ найдлага тавьж байсан.

-Анхны аваргадаа монгол хүн медалийг нь гардуулсан ховор агшны гэрч нь бид болсон. Олимпийн наадмын нарийн дэг жаягийг хэрхэн эвдэж, хуваарь, хөтөлбөрт өөрчлөлт оруулж чадав аа?

-(инээв). Тухайн үед яалт ч үгүй дүрэм, горимыг ноцтой зөрчсөн шүү. Олон улсын жүдо бөхийн холбоонд байдаг найз нөхөд маань үүнд их дэмжлэг болсон. Дэлхийн цуутай бөх Антон Геесинктэй мөр зэрэгцэн шагнал гардуулсан нь их хувь заяа шүү.

-"Лондон-2012" олимпийн наадмын сонгон шалгаруулалтын зарчим нь тодорхой болоод байгаа. Дараагийн олимпийн өнгө төрх таны нүдээр хэрхэн харагдаж байна вэ?

-Бидэнд ухрах зам үгүй. Олимпийн аваргатай болсноор бидэнд энэ түвшинг хадгалж, ахиулж явах өндөр хариуцлага ирсэн. Үүний тулд урьдынхаас илүү их ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Олимпийн “эрхийн" оноо олгох Дэлхийн цомын тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрхтэй болсон нь бидэнд их давуу тал олгох биз ээ. Гадны ихэнх улсад олимпийн хоёр цикл буюу найман жилээр ажлын төлөвлөгөө, гаргадаг зарчим бий. Бид сая болсон ээлжит бус их хурлаар энэ дагуу ажиллахаар тогтсон.

-Та Засгийн газар, Улсын их хуралд давхар хүчин зүтгээд зав зай ховор л гардаг байх. Зааланд хэр олон ирж байна?

-Хүн ажлаа зохицуулбал өөртөө зав гаргаж чаддаг л юм. Миний хувьд долоо хоногт гурван удаа бэлтгэл хийдэг. Дуртай юмандаа яаж ийж байгаад зав гаргана аа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.