"Ахмадын хөгжлийн төв"-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа
2023.09.11

"Ахмадын хөгжлийн төв"-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа

Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг БНСУ-д томилолтоор ажиллаж байгаа билээ. Тэрээр БНСУ-ын Сөүл хотын Инпён дүүргийн Ахмадын халамжийн төв (Seoul Eunpyeong Senior Wellfare center)-ийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотод жил ирэх тусам ахмад настны тоо өсч буйтай холбогдуулан Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-аас Ахмадын халамжийн төв (Senior wellfare center) байгуулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр судалж байна. Энэ хүрээнд Солонгос улсад ажиллах хугацаандаа амжуулаад тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ төв 1999 онд байгуулагдсан бөгөөд Сөүл хотын захиргааны 100 хувийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байна. 60-аас дээш насны ахмад настанг хүлээн авдаг бөгөөд өдөрт дунджаар 1600 гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг байна. Ахмадууд тус төвд ирснээр спортоор хичээллэх, бүжиг, дуу сурах, сэтгэл зүй болон физик эмчилгээ хийлгэх боломжтой бөгөөд компьютер, англи хэл, хятад хэл, япон хэлийг анхан шатнаас гүнзгий шат хүртэл суралцах зэргээр олон төрлийн хөтөлбөрт хамрагддаг байна.

Энэ төвийн гол онцлог болох Ахмад настны өдөр өнжүүлэх (Day care center) нь 35 хүний багтаамжтай бөгөөд бусдын хараа хяналтанд байх эрүүл мэндийн заалттай өндөр настнуудыг гэрээс нь автобусаар очиж авч, өдөр тутмын сургалт, эмчилгээг нь хийж өгөөд, буцааж гэрт нь хүргэж өгдөг юм байна.

Ахмадуудын хөгжлийн төлөө зориулагдсан, яг ийм үйл ажиллагаатай төвийг Улаанбаатар хотод байгуулснаар цагийг үр ашигтай, зугаатай, ханьтай өнгөрүүлэх, бас суралцаж хөгжих, харилцаа холбоогоо нэмэгдүүлэх маш олон сайн талтай. Мөн хамгийн гол нь гэртээ ганцаар өнжилгүйгээр нийгмийн идэвх, зорилготой байж, харилцан мэдлэг, туршлагаасаа хуваалцах, суралцах, цагийг сонирхолтой үр бүтээлтэй өнгөрөөх боломжийг бүрдүүлж өгч буйгаараа давуу талтай юм.

Энэхүү төслийн үр дүнд ахмад буурлууд маань амьдралд идэвхтэй, эрүүл амьдарна, мөн дундаж наслалт уртсах өндөр ач холбогдолтой юм.