2009.05.21

Х.Баттулга: Ц.Элбэгдоржид ямар ч сурталчилгаа хэрэггүй

Сэтгүүлч Б.Ганчимэг
“Ярилцъя” булангийн шинэ зочноор УИХ-ын гишүүн, Зам, тээвэр,Барилга, хот байгуулалтын яамны сайд Х.Баттулга уригдлаа.

-Бидний энэ удаагийн уулзалт улс орон даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил явагдаж байгаа үетэй давхцаж байна. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиудаас эрс ялгаатай өрнөж байна. Ерөнхийдөө нэр дэвшигчдийн хяналтаас гарч, хөндлөнгийн тоглогчид санаачлагыг гартаа авсан байдалтай байгаа талаар ажиглагчид ярьж байна?

-Арай том агуулгаар нь авч үзмээр байна л даа. Ер нь ерөнхийлөгчийн сонгууль гэдэг бол Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний сонгууль биш юм. Энэ бол монголчуудын сонгууль. Ер нь сонгуулийг бид яах гэж хийдэг юм. Юу хүсч хийдэг юм. Сонголтоороо дамжиж ямар төрийн тэргүүнийг босгож ирэхийг мөрөөддөг юм. Энийгээ сайн тунгааж байгаа байх. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон үйл явдал энэ сонгууль биш байжээ гэдэг ойлголтыг хүмүүст өгсөн. Нийтээрээ энэ ойлголтыг авсан болов уу. Сонгууль нь сонгууль биш болчихсон энэ байдал хэр удаан цаашид үргэлжлэх юм бэ.

-Дүн сонгогчдын дотор бол аль эрт гарчихсан байгаа болов уу. Та үр дүнг нь ямраар харж байна?

-Сонгууль бараг дуусах дөхчихлөө. Ард түмэн ерөнхийдөө ардчилсан ерөнхийлөгчийн төлөө байгаа нь мэдрэгдэж байна. Тэр сонголтоо ч хийчихсэн байх гэж бодож байна.

-Өнөөгийн төр засгийн хувьд ихээхэн эмзэг нөхцөлд оршин тогтнож байгаа. Бас хамаагүй кампанит ажилд хошуурчихаж болохгүй байгаа нь анзаарагдаж байна. Хэд хоногийн өмнө Ч.Сайханбилэг байр сууриа илэрхийлж байна лээ. Бид жоом алах гэж явж байгаад байшингаа нураачихмааргүй байнаа гэж. Тэгэхээр таныг хамтарсан засгийн сайдын хувьд элдэв асуудлаар зовоомооргүй байна?

-Нэг их зовоод, айж ичээд байх юм алга. Ярилцлагаа ямар хүрээнд хийх нь таны өөрийн хэрэг. Би бол хариулахад бэлэн байна. Ч.Сайханбилэгийн тэр үгний жишээтэй нь бол би санал нийлэхгүй байна. Утгатай нь бол санал нэг байна. Энэ чинь жоом алж байгаа ч ажил биш л дээ. Нэлээн том байшин барьж байгаа тухай асуудал байхгүй юу. Манай хүн шогчилж ярьсан байх.

-Танай МоАХ хавиар харин юу болоод байна вэ. Хэдэн хуучин партизан Ц.Элбэгдоржийнхоо эсрэг орой болгон телевизээр хашгирч байгаа харагдах юм. Танайхан дотроо ийм хуваагдмал байгаа юм уу, эсвэл хяналтад орж өгөхгүй байна уу?

-Ардчилсан холбооны анхдагч нар гээд хоёр жилийн өмнөөс ийм нэг байгууллагыг хэсэг хүмүүс байгуулсан юм билээ. Шууд утгаараа гомдогсод маань байгуулсан гэсэн үг. Тэгээд яахав ээлжит араншингаа харуулж байгаа байдал. Биднийг тоохгүй байвал тоолгоод өгье л дөө гэсэн л нэг өрөвдмөөр оролдлого. Аль ч айлд болж л байдаг, илэрч л байдаг аяг ааш. Гайхаад байх юм юу ч байхгүй. Эдний ч буруу биш. Бид нар чинь ерэн онд анх олон ургальч үзэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний төлөө л тэмцэж, тийм эрх чөлөөт ардчилсан нийгмийг байгуулахын төлөө зүтгэсэн биз дээ. Тэгээд байгууллаа. Тэр байгуулсан нийгмийн маань л нэг өнгө төрхийн илрэл шүү дээ. Хүмүүс байр сууриа илэрхийлж байна. Гайхаж, хачирхах юм юу ч биш. Харин сонгууль болохоор л гүйж очиж нэг хүчинд ашиглагддаг сонин зуршил тогтоод байгаа нь харамсалтай.

-Ашиглагдахдаа өөрсдийнхөө тэмцэж явж авчиралцсан тэр үнэт зүйлсээ эргээд уландаа гишгэж ашиглагдаж байгаа нь эвгүй харагдах юм?

-Яахав дээ, гомдогсод л байхгүй юу. МоАХ-нд ийм хүмүүс өчнөөн байдаг. Ер нь үе үеийн ардчилсан холбоо бол хэзээ ч нэг гарын дор зангидагдаж байсан түүхгүй. Зангидагдах ч үгүй. Маш чөлөөтэй оршин тогтнож ирсэн. Одоо ч тийм байгаа.

-Та эсвэл нэг их зангидах гэж оролдсонгүй юу?

-Оролдоо ч үгүй. Оролдоод ч нэмэргүй. Үзэл бодлыг нь үргэлжлүүлээд аваад явна. Асуудлыг олонхоороо шийднэ гэсэн үндсэн зарчим л МоАХ-нд яг байдаг. Хэн нь ч юу дуртайгаа ярьж болно. Энэ нь магадгүй одоо ганцхан МоАХ-нд л байдаг орчин байх. Энэ хүмүүсийн буруу биш л дээ.

-Тэгээд хэний буруу юм бэ?

-Тодорхой шалгууруудыг давж чадаагүй. Амьдралын эрхээр нурсан, унасан, санаж бодож явсан юмандаа хүрч чадалгүй өөрсдөө сөхөрсөн. Тавилангийн л асуудал шүү дээ. Харин ийм хүмүүсийг сурталчилгаандаа ашиглаад байгаа цаад байгууллагуудыг нь би гайхаад байгаа юм. Мэдээж Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирээд л “Одоо та нар тэр Малыш Энхтүвшинг аваад ир, тэр Чимидийн Энхээг ч олж ир, тэгээд ингэж ингэж ашигла” гэж зааж захиагүй байх. Дор нь ажиллаж байгаа хэсэг улсууд байгаа ш дээ. Тэд нар нь иймэрхүү ядарсан юмнууд хийж яваад, олон нийтийн дунд дэмжиж байгаа хүнээ харин бүр унагаж байгаа явдал болов уу. Энэ дээр харин нөгөө жоом алах тухай асуудал яригдаж байгаа байх. Нөгөө хүнээ дэмжих гэж явж байгаад ийм түвшин рүү аваачаад чирээд ирж байдаг. Эмгэнэл нь л энэ болж харагдаж байна л даа.

-Та тэднийг хэр мэдэх вэ?

-Малыш Энхтүвшин гээд жишээ нь яриад л байгаа. Би бол хувь хүнийхээ үүднээс мэндтэй л явдаг. Гэхдээ энэ хүн хаана байсан юм бэ. Арван хэдэн жил Америкт байж байгаад, амьдарч чадахгүйн эрхээр эргээд ирээ биз дээ. Нэг алх хадаас барьж үзээгүй. Нэг удаа хөлсөө урсгаад зүтгээгүй ийм улсуудын нэгдэл бий. Эд нарыг ашиглаж байна. Ийм улсуудыг өөрийнхөө улс төрийн PR-т ашиглаж байна гэдэг нь өөрөө өрөвдмөөр асуудал байхгүй юу. Би жишээ нь монгол улсын төрд арван хэдэн жил байсан. Соёлын сайдаас эхлээд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан, тэгээд өнгөрсөн дөрвөн жил Ерөнхийлөгчийн албыг хашсан тийм хэмжээний хүн өөрийнхөө сурталчилгаанд ийм хүмүүсийг ашиглаад явж байна гэхээр хүлээж авч чадахгүй л байна л даа. Хүмүүс бүгд л тийм байх шиг байна лээ. PR сурталчилгаан дээр нь ажиллаж байгаа улсуудынх нь хийж байгаа ажил байх. Ерөнхийлөгчийн зиндаа энд яригдаад байгаа юм хоёр л хоорондоо дүймээр байна шүү дээ. Ер нь муу юм нь бага гэхгүйгээр л сайн юмаа татаж унагадаг биз дээ.

-Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Солонгос яваад уулзалтад оролцоод ирсэн гэх нэг залхмаар утгагүй зүйл яваад байх юм. Солонгос явж очоод сая 500 мянган төгрөг авчихсан ч гэх шиг. Н.Энхбаяр ээж аав, эх орон үнэгүй гэлээ, даанч дээ ч гэх шиг хачин ажлууд хийгдээд байна. Энэ бүхэн нэр дэвшигчдийн хяналтаас гарчихсан, хөндлөнгийн нөгөө нөхдүүдийн гараар хийгдэж байгаа зүйл үү. Эсвэл стратеги нь юм уу?

-Стратеги энэ тэр нь мөн бишийг мэдэхгүй. Сая бид ярьлаа шүү дээ. Ерөнхийлөгчийг сонгох, ийм том зиндааны сурталчилгаанд тийм хэмжээний хүмүүсийг тоглуулаад явж байгаа нь өөрөө эмгэнэл юм аа. Тэр сурталчилгааны алба нь үнэхээр гологдож, хоцрогдож байна. Солонгосын бичлэг л гэнэ. Энд би нэг л зүйлийг хөндмөөр байна. Тэр гаргаж ирж байгаа 1,5 сая гэдэг тоо нь өөрөө учир дутагдалтай байнаа. Арай том тоо бодож олж болоогүй юм байх даа. 1,5 сая-ыг том мөнгө гээд ойлгочихсон улсууд хийчихсэн юм бол тэр хийж байгаа хүмүүст энэ мөнгө нь их юм шиг санагдсан байж магадгүй. Солонгос явахад бизнес класс хэд вэ.Нэг сая 500 мянган төгрөг биз дээ. Явлаа гээд үзэхэд явган яваагүй л байлгүй дээ. Ийм хэмжээний зардлаар авч үзэхэд зочид буудалтайгаа бараг гурван сая төгрөг болно. Гурван саяыг зарч очоод сая 500-г авна гэж, зүгээр арифтемикээр ярихад л ийм утгагүй юмыг хийж л байгаа байхгүй юу. Өөр тайлбарлаж хэлэх үг олдохгүй юм.

-Танай нэр дэвшигчийн сурталчилгаа хэр зөв хийгдэж байгаа вэ?

-Үнэндээ бол Ц.Элбэгдоржийн хувьд ямар нэгэн реклам хэрэггүй хүн шүү дээ. Бүхэл бүтэн царцаж хөлдчихсөн байсан том нийгмийг нөгөө тал руу нь эргүүлэх түүхэн хувьсгалыг гардаж хийхэд удирдсан хэдхэн хүний л нэг шүү дээ. Тэр хүнийг ард түмэн дэндүү сайн мэднэ. Үргэлж дунд нь, үргэлж хамт, үргэлж зовлон жаргалд нь ойрхон явж ирсэн. Ийм хүнд ямар ч сурталчилгаа хэрэггүй.

-Хамтарсан Засгийн газрын сайдуудыг жаахан амиа хичээгээд байна, айж, зугтаж байна гэсэн хардлага бас байгаа. Ардчилсан намын тухайд ч гэсэн “Алтангадас”-ыг нэг их хөдлөхгүй байна. Бас л М.Энхсайхан шиг хүчтэй дэмжлэггүй шалдан гүйлгэж байна гэх юм?

-Наадах чинь ташаа л дүгнэлт байна. Яагаад гэвэл сонгуулийн тов зарлагдахаас өмнө л бид засаг дээр энэ асуудлыг ярьсан. Сайтар ярьж, тал талаасаа авч үзсэн. Н.Алтанхуяг дарга өөрөө сонгуулийнх нь штабын ажилд байнга оролцож явж байгаа. Уржигдар хүртэл бид нэр дэвшигчтэйгээ уулзсан, бүгдээрээ ярилцсан. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг бол тусдаа асуудал. Хамтарсан засаг гэдэг бол өөрөө улс орны өмнө тулгамдсан бүх асуудлыг нуруун дээрээ үүрч яваа төрийн бүтэц. Бүрэлдэж, бий болсон хөрс нь юу юм бэ. Өнгөрсөн сонгуулийн дараах долоон сарын нэгний явдал шүү дээ. Тавын таван сайхан залууг гэгээн цагаан өдрөөр буудаад алчихсан. Монголчууд шооконд орсон. Энэ нөхцөл байдлыг бодитоор харж мэдэрсний үндсэн дээр байгуулсан Засаг гэж би хувьдаа ойлгож явдаг шүү дээ.Тэр нэр дэвшигчээ ганцааранг нь хаячихаад байгаа гэсэн хардлага бол худлаа. Угаасаа Ц.Элбэгдорж шиг олонтой хүн байхгүй шүү дээ. Хаа ч явсан л хүмүүс бүчиж байдаг.

-Түүнийг гарцаа байхгүй том лидер гэдгийг мэднэ. Харин зарим хүмүүс хэт их ярьдаг, хоосон чалчигч л гэж шүүмжлэх юм?

-Худлаа ярьдаг гэхээр нь би гайхаад байдаг байхгүй юу. Наадах чинь бол үнэн хэрэг дээрээ ярьснаа хийчих гээд байна гэсэн айдсаас л үүдэж гаргасан яриа. 1989 онд энэ хүн юу ярьсан юм. Тэр цаг үеийн индэр дээрээс ярьж байсан бүх юм нь биелээд л явж байгаа биз дээ. Хуучин нийгмийн хаалган дээр юу хэлээд хааж байсан юм. Тэгээд шинэ нийгмийнх нь хаалгыг юу хэлээд нээж байсан юм. Юу нь худлаа байв.

-Тийм ээ. Гэхдээ та битгий сэтгэл хөдөлгөх гээд бай л даа. Ингэхэд та нарын нөхөрлөл хэдий үеэс эхтэй вэ. Түүнтэй анх уулзсан тухайгаа ярьж өгөөч?

-Залуу уран бүтээлчдийн чуулган гэж болж байсан даа. 1989 оны 12 дугаар сарын аравдаар. Тэр зөвөлгөөнд манай зураачид, урчууд бүгд оролцож байсан. Тэр үед би хот чимэглэлд ажиллаж байлаа. Тэгээд чуулганы завсарлагаанаар манай хэсэг залуучууд дээр ирж ярилцаж байсан залуу Ц.Элбэгдорж байсан л даа. Саарал костьюмтай туранхай бор залуу байсан. Тэр үеийн Ц.Элбэгдоржийн зураг сонинуудаар их гарч байгаа даа. Яг л тийм залуу байсан. Тэгж л анх бид танилцаж байсан. Тэр үеэс хойш 20 жил өнгөрчээ.

-Хүмүүс улстөрч Элбэгээг мэднэ. Харин хүнийх нь хувьд нэг их мэддэггүй юм шиг санагддаг. Ер нь хэр хүн бэ?

-Бидний хооронд танилцсан цагаасаа эхлээд л үргэлж дарга цэргийн харьцаа байсан. Ер нь тэгээд олонд хүндлэгдсэн улс төрийн лидер ийм хүнтэй чинь хүний хувьд учиргүй ойр дотно харьцаад байх зовлонтой шүү дээ. Манай нам дотор ч нэг ийм уур амьсгал ажиглагддаг. Жишээ нь, өөрсдийгөө том улстөрч гэж үздэг олон улсууд бий шүү дээ. Тэдэнтэй юм яриад бүгдээрээ сууж байхад гаднаас Элбэгээ ороод ирэхэд ерөнхийдөө дуугүй болцгоочихдог. Иймэрхүү байдлаар л харьцдаг. Ийм хүнийг яг хувь хүнийх нь тухайд үнэлэхэд хэцүү шүү дээ. Өөрт нь би жинхэнэдээ ийм хүн шүү дээ гээд тайлбарлаад явах боломж ч байдаггүй байх. Дотоод хүнээ үзүүлээд явах тийм их өргөн бололцоо ийм хүмүүст гардаггүй юм шиг. 1980 оноос хойш бичиж байсан, 90 оноош хойш бичиж байсан өдрийн тэмдэглэлийг нь уншихад бас сонин л юм билээ.

-Түүн шиг их дайсан татдаг лидер байхгүй. Яагаад тэр вэ?

-Та надаас асуултгүйгээр бараг мэдэж байгаа байх л даа. Ерөнхийдөө өөрөө шийдвэр гаргадаг. Тодруулбал, хувь хүнийхээ төлөө, хувь найзынхаа төлөө биш шийдвэрүүдийг огцом гаргадаг. Энийгээ зөвлөлдөөд явах юм бол тэр шийдвэр нь уначихдаг юм шиг байгаа юм. Тийм учраас шийдвэрээ өөрөө гаргадаг. Сүүлд ерөнхий сайдаас огцрох үеэр жишээ нь манайхнаас нэгэнт хамтарсан засгийн газар гээд явж байгаа юм чинь, зарим юмыг нүдээ аниад өнгөр л дөө гэх утгатай үг дуугарч байсан. Тэгэхэд урдаас нь зүгээр ярьж эхлэхэд л тас зогсоож байх жишээтэй. Тэгээд яах юм. Бүгдээрээ Баатартай нийлээд хар тугалга гаргаад явах юм уу… гээд л өөрөө тас шийдвэр гаргаад л явсан. Түүнээс биш огцрохгүй байх боломж бас байсан юм шүү дээ. Энэ мэтээр гаргадаг шийдвэрүүд нь маш олон дайсан авчирдаг. Ийм хүн үнэхээр ховор л доо.

-Бас тэр зөн билэгтэй юм шиг цочмог мэдэгдлүүд их хийдэг. Та гайхдаг уу. Одоо бид тавуулханаа байна, эргэж ирэхдээ бид тавиулаа ирнэ гээд л чуулганы хаалгыг саваад гарч байсан. 50-иулаа ирж байсан?

-Одоо жишээ нь УИХ-ын гишүүнээс татгалзах зоригтой хүн байдаг уу. Татгалзуулах гээд байхад л зууралдаад байдаг биз дээ. Хийсэн хэргийг нь яриад байхад л амь тэмцэн хоргодож байдаг. Хоргодох газраа болгочихсон. Тэгэхэд Ц.Элбэгдорж өөрөө шийдвэр гаргаад л гараад явчихаж байсан. Тэр үед чинь улсын нууц задруулсан гэх хэргээр шоронд хийх гээд бүх юмыг бэлдчихсэн л байсан шүү дээ. Тийм үед л өөрөө шийдвэр гаргаж их хурлын хаалгыг хааж гараад, өөрөө шүүхэд очоод ялалт байгуулаад гарч ирж байсан. Ийм түүх хэнд байгаа юм бэ. Ийм хүн ховор. Лидерийн л чанар байх. Бид баримт л ярьж байна шүү дээ. Ямар нэгэн магтаал биш.

-Байнга галын дунд зогсч байдаг. Зүгээр нэг аядуу, урсаж явахыг нь ер үзээгүй санагдах юм. Хувийн зан чанаруудаас нь өөртөө мэдрэгддэг ховор шинжүүдээс ярьж өгч болох уу?

-Илтгэл, хэлэх үг бүгдийг өөрөө бичдэг. Ийм дарга нар бараг байхгүй. Одоо хүртэл яг өөрөө л бичдэг. Хэзээ ч хэн нэгэнд даалгаж, бэлдүүлдэггүй. Энэ бол удирдагч хүнд байх ёстой том чадвар л гэж би боддог.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.