УИХ нүүрээ “тольдох” цагаар
2023.10.02

УИХ нүүрээ “тольдох” цагаар

 Манай парламент хүний эрхийн болоод жендэрийн мэдрэмжтэй юу?Анх удаа эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргатай болсон дээрээ УИХ жендэрийн мэдрэмжээ нүүр бардам үнэлүүлэхээр шийдэв бололтой.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнгөрсөн баасан гаригт парламент хүний эрхийн болоод жендэрийн мэдрэмжээ үнэлэх болсон талаар мэдээллээ. Арваннэгдүгээр сард Олон Улсын Парламентын Холбоо-(ОУПХ)-ноос шинжээчдийн баг ирэх гэнэ. Уг холбоонд 179 улс гишүүнчлэлтэй. Монгол Улсын Их хурал болон ОУПХ байгуулсан санамж бичигт “Хүний эрхийн өөрийн үнэлгээ”, Жендэрийн өөрийн үнэлгээ” хийхээр тусгажээ.

“Бид өглөө толинд нүүрээ хардаг шүү дээ. Парламент өөрийгөө толинд харах юм. Жил бүр ОУПХ өөрийн үнэлгээ хийхийг уриалдаг ч хүлээж авдаг нь цөөн” гэдгийг Л.Өлзийсайхан дурдсан.

Сонирхолтой нь “Хүний эрхийн өөрийн үнэлгээ”-г хийхээр шийдсэн анхны парламент Монголынх. Жендэрийн үнэлгээг өмнөх улс орнуудын туршлагад дулдуйдах ч мөн л цөөн улс энэ давааг давжээ.

Хүний эрхийн өөрийн үнэлгээг хийхийн тулд олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, механизмыг парламентад хэрэглэх цуврал сургалт болно.“Хүний эрхийн хууль тогтоомжид үнэлгээ хийнэ” гэсэн нь содон сонсогдлоо. Цаашид мэндлэх хуулиудад ч мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байх юм.

Зөвхөн УИХ өөрийгөө үнэлэхгүй, олон улсын байгууллагаас гадна Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид, сэтгүүлчид ч бас оролцох төлөвтэй.

Үнэлгээний аргачлалыг ОУПХ, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газраас боловсруулжээ.

Үнэлгээний үр дүнд байр эзлүүлэхгүй ч хариуцлага нэмэгдэнэ
“Үнэлгээний үр дүнд байр эзлүүлэхгүй харин уг үнэлгээг хийснээрээ парламент хүний эрхийн мэдрэмжтэй, хүний эрхийг хангах чин эрмэлзэлтэй болохыг олон улсад нотлон харуулна” гэж Ерөнхий нарийн бичгийн дарга тайлбарласан.Үндсэн хууль болон хүний эрх, эрх чөлөөний тухай ярихдаа Л.Өлзийсайхан дарга хууль зүйн ухааны доктор, судлаачийнхаа хувьд сонирхолтой дүгнэлт хийв.

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлд заасан хүний үндсэн эрх зөрчигдсөн асуудлаар 51 удаа дүгнэлт гаргажээ.

Хамгийн олон удаа хөндөгдсөн эрх нь халдашгүй чөлөөтэй байх, төрийн байгууллагад сонгох, сонгогдох, шүүхэд гомдол гаргах, өмчлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах гэнэ шүү.

Хүний эрхийн мэдрэмжтэй байсан бол Зөрчлийн тухай хуулийн “..хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал цуглаанд оролцуулсан бол торгох заалт “Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна”, “хүнийг ялгаварлан гадуурхаж үл болно”, “тайван жагсаал цуглаан хийх эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалтуудыг зөрчихгүй байсан юм, гэлээ.

“Хүний эрхийг хамгаалах нь аливаа парламентын тэргүүн зорилго байх ёстой” гэж Л.Өлзийсайхан “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” сэдвээр Төрийн ордонд болсон өөрийн үнэлгээний семинар дээр онцоллоо. Монгол Улс “Хүний эрх хамгаалагчийн тухай хууль“-ийг баталсан Азийн анхны улс гэдгийг ч Ерөнхий нарийн бичгийн дарга сануулахаа мартсангүй. Парламент, түүний ажлын алба хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байх нь парламентыг ардчилсан, хариуцлагатай болгодог байна.

Үнэлгээ хийхдээ улс төрийн нөхцөл байдлыг харгалзах ба үнэлгээ нь сайн дурын шинжтэйг бодолцох, парламентын гишүүд, ажлын албаны ажилтнуудын ойлголт мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах учиртай.

Эмэгтэй гишүүдийн тоог олон болгох нь чухал ч…

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар Монгол жендэрийн эрх тэгш байдлын харьцаагаар 2006 онд 42 дугаар байранд явсан бол 2022 онд ухарч 70 дугаарт жагсжээ.Ийнхүү бүдэрсэн нь парламентын эмэгтэй гишүүний тоо цөөн байгаагаас шалтгаалжээ. “Гэхдээ жендэрийн мэдрэмжтэй парламент гэдэг зөвхөн эмэгтэй гишүүдийн тоогоор хязгаарлагдахгүй” хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга онцоллоо.

Жендэрийн мэдрэмжтэй гэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэрэгцээ ашиг сонирхлыг эрх тэгш тусган ажилладаг парламентыг хэлдэг ажээ.

Үнэлгээний мөрөөр улс орнууд ямар арга хэмжээ авсан талаар жишээ дурдлаа.

Колумбад конгрессийн гол танхимаа тэмцэгч эмэгтэйн нэрэмжит болгосон. Эмэгтэйчүүдийн түүхийг харуулсан урлагийн бүтээлийг Конгрессийн танхимдаа байрлуулжээ.

Их Британид Төлөөлөгчдийн танхим парламентын гишүүдэд эцэг, эхийн үүргээ биелүүлэх чөлөө олгох талаар санал хураах журам баталсан гэлээ.

Уг семинарт УИХ-ын тамгын газрынхнаас гадна иргэний нийгмийнхэн ч байлцсан. УИХ-ын гишүүн асан Б.Долгор зөвлөх ийнхүү ярилаа.

-УИХ хүний эрхийн болоод жендэрийн мэдрэмжтэй болохоор явж байгаад баяр хүргэе. Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд гарцаагүй хийх ёстой алхам юм. ОУПХ үнэлгээ хийж эхлээд арав гаруй жил болж байгаа юм байна. Монгол Улсын Их Хурал Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлан гаргасан нь давхцаж байна.

Хэдэн санал хэлье. Парламентын хороодыг хамтран даргалах, удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн квот тогтоох чухал юм. Жендэрийн тусгайлсан хороотой байх гурван механизм Монгол Улсад тохиромжтой юм болов уу даа гэсэн санал байна. Хууль тогтоомжийн хуульд жендэрийн нөлөөллийн үнэлгээ хийх асуудлыг нарийвчлан зааж өгөх хэрэгтэй. Засгийн газрын тогтоолоор энэ асуудал шийдэгдэж яваа. Гэхдээ нарийвчилсан аргачлал байхгүйгээс болоод хууль тогтоомжид жендэрийн нөлөөллийн үнэлгээ үндсэндээ хийгдэхгүй байна. Жендэрийн нөлөөллийн үнэлгээг хууль тогтоомжид хийх аргачлалаа тусгайлан батлах шаардлага бий. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд жендэрийн нөлөөллийн үнэлгээ хийх бас чухал. Жендэрийн мэдрэмжтэй хууль тогтоомж гарч байж хэрэгжилтэд нь үнэлгээ хийх учиртай. Хяналт шинжилгээ үнэлгээнд жендэрийн мэдрэмж чухал. Улс төрийн намын хуульд жендэрийн асуудлыг нарийвчлан тусгаж, заалт оруулах ёстой.

Улс орны удирдлага, бүх түвшинд жендэрийн хэвшмэл ойлголтоос салах чухал. Жендэрийн хуульд нийцүүлэн бусад хуулийг өөрчлөх асуудал бий. Хөдөлмөрийн хуульд маш сайн жишээ хийж өгсөн гэв.

ХЭҮК-ын гишүүн С.Дондов “Хүний эрхийн болоод жендэрийн мэдрэмжийн үнэлгээ хийхээр УИХ санаачилга гаргаж, олон талуудын уулзалт сургалт хийж байгаад ХЭҮК талархаж байна. Хүний эрхийн болоод жендэрийн мэдрэмжтэй байх асуудлыг хэрэгжүүлэх анхан шатны ажил мэдээлэл, судалгаа байх учиртай. НҮБ-ын гэрээний хорооноос өгсөн зөвлөмжүүд, тусгай илтгэгч нарын санал зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарах ёстой. Ер нь энэ зөвлөмжүүдийг бүхэлд нь базаж үзвэл Монгол Улсад ялгаварлан гадуурхалт түгээмэл байх шиг байна. Ялгаварлан гадуурхалтын эсрэг бие даасан хуультай болоход анхаарал хандуулаач. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах асуудлаар хууль тогтоомж болон бодлогодоо өөрчлөлт оруулаач. Мөн тодорхой бодлого, хууль сайн гарсан ч хэрэгжилт хангалтгүй байна. Хэрэгжилтэд анхаарч, ард нийтийн хүний эрхийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, сургалт сурталчилгаагаа нийгмийн олон төрөл ангид таарсан хэлбэрээр явуулах нь чухал. ХЭҮК энэ талаар идэвхитэй хамтарч ажиллах болно” гэлээ.

-УИХ жендэрийн мэдрэмжтэй болохоо зарласны дараа гишүүд хүний эрхийн болоод, жендэрийн мэдрэмжгүй үг, үйлдэл гаргавал шүүмжлэлийн бай болно. Сэтгүүлчид болоод иргэний нийгмийнхэн сургалтад хамрагдаад байдаг. Харин гишүүдийг сургах уу гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхий нарийн бичгийн дарга ийнхүү хариуллаа.

-Энэ удаагийн парламентын шинээр сонгогдсон гишүүдэд бид анх удаа сургалт явуулсан. Энэ туршлагадаа үндэслэн дараагийн сонгуулиар бүрдэх гишүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж байгаа. Бид мөн сүүлд шинээр сонгогдсон хоёр гишүүнд тусгайлан сургалт явуулсан.

Монгол Улсын их хурал, ОУПХ-ны хооронд санамж бичиг байгуулж, УИХ түүхэн шийдвэр гарган, УИХ, Тамгын газар болоод ХЭҮК, Жендерийн үндэсний хороо болон бүх л ажиглагч оролцогч нар хамтран ажиллаж эхэлж байна.

Энэ шийдвэр гарсан цаг мөчөөс эхлэн УИХ-ын даргын захирамж гарсан. УИХ, ОУПХ хамтран зохион байгуулах, хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламентыг төлөвшүүлэх хүрээнд хийх үнэлгээний ажилд дэмжлэг, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагч нь Ц.Мөнхцэцэг гишүүн. Гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. 2023 оны нэгдүгээр сарын 23-нд гарсан захирамж. Хэд хэдэн удаагийн уулзалтыг энэ ажлын хэсэг хийсэн. Бусад улс орны парламентуудад ч гишүүддээ зориулсан сургалт явуулдаг. Гэр бүл, үр хүүхдэд нь хүртэл өнөөдрөөс эхлэн таны аав, ээж, үр хүүхэд тань ард түмний төлөөлөгч боллоо гэсэн агуулгаар сургалт хийдэг. Манайх бас энэ агуулгаар сургалтын хөтөлбөр бэлтгэсэн. Мэдээж 126 гишүүнтэй болоход сургалт зайлшгүй шаардлагатай. Бусад улс орны парламентуудтай туршлага солилцож байна” гэлээ.

Уг хуралд суугаад гарч ирсэн “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын дэргэдэх “Залуусын давалгаа” клубын гишүүн, М.Энх-Ану 92 дугаар сургуулийн арванэгдүгээр ангийн сурагч. Тэрбээр “Эмэгтэй удирдлага уян хатан шийдвэр гаргадаг юм шиг санагддаг. Парламентын эмэгтэй гишүүдийн тоо цөөн юм билээ. Энэ тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа нь таалагдлаа. Хууль судлах сонирхолтой болохоор парламентын үйл ажиллагааг ажиглах дуртай. Эрэгтэй, эмэгтэй гишүүдийн оролцоо тэгш байгаасай гэж хүсч байна” гэсэн шүү.