Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж байна
2023.08.29

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж байна

Миний бие багш нарын гэр бүлд төрж өсөж боловсролын салбараас өсөж өндийж ажил, амьдралын гараагаа эхэлсэний хувьд салбарын жаргал, зовлон, хүндрэл бэрхшээлийг сайн мэднэ.

УИХ-д сонгогдоод 2018 онд анхны санаачлан өргөн барьсан хууль бол “БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ” бөгөөд энэ хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллаж байгаагийн үр дүнд салбарт тулгамдаж байсан олон асуудлыг дээрх хуулийн хүрээнд шийдвэрлэж байгааг дараах зарим нэгэн хуулийн зүйл заалт хэрхэн амьдрал дээр хэрэгжиж байгааг жишээгээр тайлбарлаж хүргэе гэж бодож байна. Тус хуулийн ажлын хэсгийн ахлагчаар Энх-Амгалан Лувсанцэрэн сайд ажиллаж байсны хувьд салбарын яамны зүгээс хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаад баяртай байна.

Тухайлбал

  • 7.1.Бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвтэй байна.
  • 7.3.Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хувь хүртэл хэмжээний зардлыг зарцуулна.
  • ХЭРЭГЖИЛТ
  • Дээрх заалтын хэрэгжилт нь Засгийн газрын 2022 оны “Хувьсах зардлын дундаж норматив, аргачлал батлах тухай” 91-р тогтоолоор 2022 оноос Цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлын бүрэлдэхүүнд багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих зардал, хичээл практикийн зардал, багшийн цахим хэрэглээний зардлыг тусган хэрэгжүүлж байна.
  • 8.4.Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно.
  • ХЭРЭГЖИЛТ
  • Дээрх заалтын хэрэгжилт нь Засгийн газрын 2023 оны “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай ” 243 дүгээр тогтоолоор Ерөнхий боловсролын сургуулийн 45 болон түүнээс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар ангид туслах багш ажиллуулах чиглэлийг холбогдох яаманд хүргүүлсэн
  • 8.5.Багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн төгсөгч нь багшлах эрхтэй байна
  • ХЭРЭГЖИЛТ
  • Багшийн сургууль төгсөж ажлын байран дээр шинээр гарч байгаа шинэ төгсөгч нараас дахин багшлах эрхийн шалгалт авдаг байсныг энэ хуулиар хориглож багшийн сургуулийг багш мэргэжлээр төгссөн л бол шууд ажлын байран дээр очих боломжийг бий болгосон
  • 9.2.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн зэргийг суралцагчдын сурлагын амжилт, чанар, суралцагч, эсхүл түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн сэтгэл ханамж, заах аргын чадвар, өөрийгөө хөгжүүлсэн байдлыг харгалзан хугацаанаас өмнө нэмэгдүүлж болох бөгөөд холбогдох журмыг боловсролын болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
  • ХЭРЭГЖИЛТ
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/812 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-н 1.9-д багшид хугацаанаас нь өмнө мэргэжлийн зэрэг олгож болно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл сайн ажиллаж байгаа багш заавал 5 эсвэл10 жил багшилж байж мэргэжлийн зэрэг ахих биш дээрх хугацаанаас өмнө ч мэргэжлийн зэрэг ахих боломжийг энэ хуулиар бүрдүүлж өгсөн.
  • Дээрх жишээнүүдээс харвал “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”-н зүйл заалт бүр нь боловсролын салбарын хэрэгцээ шаардлага, амьдралаас урган гарсан хууль гэдгийг харуулж байна.
  • Цаашид боловсролын салбарт ажиллагсдын нийгмийн баталгаа,цалин хөлс, орон сууц, нийгэмд эзлэх байр суурь, мэргэжлийн нэр хүндийг өсгөх, сургалтын чанар, тэгш хүртээмжтэй боловсрол гэх мэт маш олон тулгамдсан асуудлууд байгаа бөгөөд миний бие дээрх асуудлуудын талаар Их хурал, Засгийн газрын түвшинд үргэлж багш нарынхаа дуу хоолой болж ажилласаар байх болно. Багш мэргэжлээр суралцагчдыг өндөр онооны босго, шаардлага тавьж сонгон шалгаруулж төрөөс зардлыг нь дааж сургаснаар төгсөөд гарсаных нь дараа мэргэжлээр нь ажиллах шаардлага тавьж чадвал боловсролын салбар сайн багш нараар хангагдана гэдэгт итгэлтэй байна.