Л.Мөнхбаатар гишүүн "Шүүх байгууллагын ажилчдын өдөр"-тэй болж Нийтээр амрах хуульд тусгах хуулийн төслийг боловсруулжээ
2023.07.20

Л.Мөнхбаатар гишүүн "Шүүх байгууллагын ажилчдын өдөр"-тэй болж Нийтээр амрах хуульд тусгах хуулийн төслийг боловсруулжээ

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Шүүх байгууллагын ажилчдын өдөр”-тэй болох санаачлагыг гаргаж, энэ талаар Нийтээр амрах болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль /Нийтээр амрах/-д тусгахаар холбогдох хуулийн төслийг боловсруулж d.parliament.mn хаягт байршуулжээ.

511 ШҮҮГЧ, 1400 ГАРУЙ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН "ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР"-ТЭЙ БОЛНО

Тэрбээр тус хуулийн төслийг санаачлах болсон үндэслэлдээ “Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдаад 112 жил, шинэ Үндсэн хуулиар Шүүх эрх мэдлийн салбарыг Төрийн байгууллын тогтолцооны нэг институт болгон хуульчлан бэхжүүлсэн өдрөөс хойш 30 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Гэвч шүүх эрх мэдлийн салбарын түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар Нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд тухайлан тусгаж, зохицуулаагүй байна. Иймд нэгдсэн, зохион байгуулалттай ойн болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь туйлын ач холбогдолтой байна.

2. Хуулийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ:

Нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “5.3.Шүүх эрх мэдлийн салбарын ой, түүхэн үйл явдал, зарим шүүхийн захиргааны ажилтан, албан хаагчдын өдрийг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхтэй зөвшилцөн тогтооно” гэсэн хэсгийг нэмж оруулахаар хуулийн төсөлд тусгалаа.

Улсын хэмжээнд ажиллаж буй 511 шүүгч, 1400 гаруй шүүхийн захиргааны ажилтан шүүх эрх мэдлийн салбарын ой, түүхэн үйл явдал, шүүхийн захиргааны ажилтны өдөртэй болж, улмаар ажил мэргэжлээрээ бахархах, ойн арга хэмжээгээр шинэ санал санаачлага, ажил бүтээлээр угтах эрмэлзлийг бий болгох зэрэг гадагш болон дотогшоо чиглэсэн олон давуу тал бий болох учиртай” гэжээ.

Түүний санаачилсан хуулийн төсөл нь "5.3.Шүүх эрх мэдлийн салбарын ой, түүхэн үйл явдал, зарим шүүхийн захиргааны ажилтан, албан хаагчдын өдрийг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхтэй зөвшилцөн тогтооно" гэсэн ганц заалттай аж.