Канадын тал мэргэжлийн болон техникийн боловсролын 2+1 хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв
2023.10.31

Канадын тал мэргэжлийн болон техникийн боловсролын 2+1 хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канад Улсын Техник, мэргэжлийн боловсролын холбоо (Colleges and Institutes Canada)-ны Дэд ерөнхийлөгч Алан Ройг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Л.Энх-Амгалан сайд "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд манай улс 40 гаруй мянган нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ шаардлагатай байгаа талаар хэлж хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

Дэд ерөнхийлөгч Алан Рой хүлээж авч уулзан Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулж байгаа салбарын сайдад талархлаа илэрхийлсэн юм. Мөн Канадын Засгийн газраас хэрэгжүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын мэргэжлийн боловсролын сургалтын тогтолцоог шинэчлэн сайжруулах хамтарсан төслийг боловсруулах, хоёр орны мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх 2+1 хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа хэллээ.

Канад Улсын Техник, мэргэжлийн боловсролын холбоо (Colleges and Institutes Canada) нь одоогийн байдлаар Канадын 140 гаруй коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ. Тус холбоо нь оюутан сурагчдыг тэтгэлэгтэй сургах, багш нарыг урт болон богино хугацааны сургалтад хамруулах зэргээр 15 улстай хамтран том хэмжээний долоон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна