Х.Нямбаатар: Улаанбаатар Хотод Гурван Шугам Бүхий Метро Барина
2023.10.30

Х.Нямбаатар: Улаанбаатар Хотод Гурван Шугам Бүхий Метро Барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлд тулгамдсан асуудал болох:

  1. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах
  2. Агаарын бохирдлыг бууруулах
  3. Гэр хорооллыг орон сууцжуулах
  4. Хот төлөвлөлтийн алдааг засах
  5. Шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо өчигдөр танилцууллаа.

Тэрбээр“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хамгийн зоригтой бөгөөд оновчтой шийдэл бол метро. Үе, үеийн хотын дарга нар метроны асуудал, масс тээврийн хэрэгсэл баръя, тавья гэдэг мөрөөдөлтэй байсан боловч ТЭЗҮ болон санхүү, улс төрийн дарамт шахалтаас болж нуран унаж байсан. Тэгвэл бид нар ирэх жил Улаанбаатар хотод гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-ын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр Хятадын төрийн өмчит метро барьдаг компаниудтай Нийслэл Улаанбаатар хот хамтран ажиллах боломж нөхцөлийг ойрын үед танилцуулж, судлах яриа хэлэлцээ амжилттай болсон.
Цаашид Улаанбаатар хотын өмчлөлд байгаа уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар метро, тойрог хурдны зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна. Засгийн газар, УИХ-ын тогтоолын төслүүдийг боловсруулан ажиллаж байгааг хэлье.

Миний бие УИХ, Засгийн газарт ажиллахдаа том төсөл, хөтөлбөрийг ахалж, тодорхой үр дүн гаргаж байсан туршлага бий. Энэ туршлагаа Нийслэл Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын ажил болох метро, тойрог хурдны зам байгуулах төсөл дээр гаргаж, хэлэлцээрийн ширээг ахалж суух бодолтой байна. Энэ төслүүд хэрэгжсэнээр Улаанбаатар хот түгжрэлгүй, бохирдолгүй, бухимдалгүй хот болох бүрэн  боломж бүрдэнэ” гэлээ.