Х.Баттулга: Хувийн компанийн лобби яваад байна
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгатай тус салбарын цаг үеийн асуудлаар цөөн хором хөөрөлдсөн юм.
-Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн зүгээс танай салбарт хандсан шүүмжлэл нэлээд гарлаа. Засгийн газраас зөвшөөрөл өгч маршрутыг нь баталсан тогтоолд сөрөг байр суурь илэрхийлэх гишүүн цөөнгүй байсан. Энэ талаар тодруулна уу?
-Зөрөлдөж байгаа гол асуудал нь Ухаа худаг-Гашуун сухайт болон Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн чиглэлээр баригдах төмөр замыг нарийн цагирагтайгаар барих ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар энэ онд багтаан эхлүүлэх гээд байгаа юм.
Үнэн чанартаа манай яамнаас бодлогын чиглэл, санал аваагүй байж ийм тогтоол гаргачихсан. Энд нэг зүйлийг онцлоход, гишүүдийн зүгээс сайн сайн санаа хэлж, гаргаж байна л даа. Гэхдээ бодлого гаргана гэдэг нь хөрөнгө мөнгө, олон хүний хүч хөдөлмөр зарж байж бүтдэг зүйл. Тэгээд ч манай улс далайд гарцгүй, хил залгаа хоёрхон хөрштэй. Тэгэхээр дэлхийн бусад орнуудтай төмөр замаар л харьцах боломжтой гэсэн үг.
-Тэгэхээр Тавантолгой, Оюутолгойн ордоор дайруулаад Гашуун сухайт руу төмөр зам барих нь ээ?
-Ямар ч тохиолдолд боловсруулах үйлдвэр барих ёстой. Үүнээс л нэмүү өртөг үйлдвэрлэж байж ард түмний цалин өснө. Ашигт малтмалаа түүхийгээр нь хил давуулан гаргаад байвал хэдхэн компани л баяжина. Энэ нь ерөөсөө л хувийн компанийн лобби байхгүй юу. Хэрэв хувийн компани өөрийн хөрөнгөөр төмөр зам барих юм бол дараа нь төр засаг ямар тарифаар тээвэрлэх юм бэ. Энэ тал дээр хувийн хэвшлийнхэнтэй яаж тохирох юм бэ. Гэх мэтчилэн толгой зовоосон олон асуудал өрнөж байна.