Залгаасгүй 54 км төмөр зам ашиглалтад орно
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга Оросын холбооны улс манай улсын хамтран тавьж буй 108 км замын засварын ажилтай танилцлаа.
Уг зам засварын ажил бараг дуусах шатандаа орсон байна. Биднийг очиход салхитай хүйтэн байсан ч төмөр замчид ажлаа ид хийж байлаа. Одоо тавигдаж буй 54 км замыг Оросын тал гүйцэтгэж байгаа учир ихэнх ажилчид нь Оросууд байсан. Салбарын сайд болон Улаанбаатар төмөр замын холбогдох ажилтнууд, Орос мэргэжилтнүүд санал солилцов.
-Зам засварын ажилтай танилцах явцдаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд X.Баттулга сэтгүүлчидтэй саналаа хуваалцсан юм.
-Бид зам засварын шинэчлэлийн эхний ажлыг өнгөрсөн зургадугаар сарын 6-ны өдөр эхлэж байсан. Орос монгол мэргэжилтнүүдийн хүчээр энэ ажил ийнхүү хийгдэж дуусах шатандаа орлоо. Манай улс Орос улсаас 30 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл аваад засварын ажлыг гүйцэтгэж байгаа. Зам засварын ажил маш амжилттай явж байна гэж дүгнэж байна. Хамгийн энгийнээр тайлбарлахад төмөр замын залгаасууд байхгүй болсон нь галт тэргээр явахад түчигнэж дуугардаг байсан чимээ энэ тавьж буй замд огт мэдрэгдэхгүй гэсэн үг. Мөн энэ залгаасгүй замаар урьд нь 70 км цагийн хурдтай явдаг байсан галт тэрэг одоо 120 км цаг хурдлах боломжтой. Энэ эрчээрээ бид цааш ажиллаад байвал 1000 гаруй км замыг богино хугацаанд засварлах боломж байна.
Энэ замыг засварлах явцад сул зардал бараг гаргаагүй гэсэн. Харин зарим нэг шаардлагатай материалыг Оросын холбооны улсаас оруулж ирсэн байна. Тухайлбал, рейс төмөр, бетон дэрийг авсан гэнэ. Манай улс дэр мод дотооддоо үйлдвэрлэдэг боловч хурдтай замд хүчин чадал нь дийлэхгүй учир ийнхүү хөрш орноос оруулж иржээ. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дэр модыг одоо урсгал засварт ашиглаж байгаа аж. Улаанбаатар хотын чулууны заводоос чулууг нийлүүлсэн аж. Монгол Улсад зам төмрийн үйлдвэр байдаггүй учраас замын төмрийг орос улсаас авсан. Цаашдаа 108 км замаа улам уртасгаж чанаржуулъя гэвэл бетон дэрний үйлдвэрлэлээ сайжруулах шаардлагатай юм. Мөн рейс хэмээх төмрийг манай улс дотооддоо үйлдвэрлэх боломжтой талаар салбарын сайд онцолсон.
Харин одоогийн зам засварт ашиглаж байгаа материалуудыг Орос улсаас нийлүүлсэн байна. 108 км зам засварын ажлыг 54 км-ээр нь хоёр тал хуваан гүйцэтгэж байгаа. Зам засварын ажлын 50 хувийг гэрээ ёсоор Орос улс одоогоор гүйцэтгэж, дуусч байна. Гүйцэтгэлийн явцад шаардагдаж байгаа техник технологиуд шинээр нэвтэрсэн гэхэд болно. Орос улс манайд уулзваргүй төмөр замыг нэвтрүүлж байгаа. Мөн 32 сая рублийг хөнгөлөлттэй нөхцөлөөр манай улсад зээлээр өгсөн. Одоогоор явагдаж байгаа төмөр замын засварын ажлыг 100 хувь Орос улсаас санхүүжүүлжээ. Харин манай орон гэрээнд заасан нөхцөлийн дагуу Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор өөрсдийн хөрөнгө оруулалтыг хийх аж. Зам засварын ажлын сүүлийн хэсгийг манай тал гүйцэтгэнэ. Ингэснээр ирэх сарын 2-ны өдөр зам засварын ажил дуусах ёстой гэнэ. Манай улс Оростой хамтран хийж байгаа шинэ төмөр замын ажлын хамгийн ахицтай нь залгаасгүй зам юм. Харин манай тал 25 метрийн зайтай залгаастай гэнэ.
Зам засварын ажлын талаар Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн аж ахуйн хэлтсийн орлогч дарга Д.Батбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.
-Залгаасгүй төмөр зам ямар ач холбогдолтой вэ?
-Уулзваргүй зам тавигдаж буй гэдэг утгаараа энэ бол манайд яах аргагүй шинэ технологи юм. Хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх болон зорчигчдын ая тух аюулгүй байдал талаасаа ч ач холбогдолтой. Мөн уулзваргүй зам тавигдсанаар нэг километрт зарцуулах металлын зарцуулалт харьцангуй багасна гэсэн үг юм. Бид урьд нь уулзваргүй замд урсгал засвар, арчлалтыг хийж байгаагүй. Хүйтний улиралд зам төмөр агших, гэмтэх тохиолдол байдаг. Энэ тал дээр хүндрэл учирч болзошгүй учир бүх талаас нь хангахаар бэлтгэлээ базааж байгаа.
-Гүйцэтгэлийн ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ?
-Одоогоор 108 км зам засварын ажил явагдсаар зургаан км зам засах л үлдлээ.
-Улаанбаатар төмөр зам нийгэмлэг цаашдаа ямар шинэчлэлтийн ажлыг хийх вэ?
-Монголын төмөр замчид ч жил бүр урсгал засвар хийдэг шүү дээ. Жишээлбэл төмөр замын модон дэрийг бетон дэрээр сольж байна. Төмөр замд байгаа модны хэрэгцээг аль болох багасгахаар ажиллаж байгаа. Энэ ажлын дараагаас 138 км замыг засварлах бодолтой байна. Энэ нь Давааны зөрлөгөөс Амгалан өртөө хүртэлх 42 км, мөн Сайншандаас урагш 93 км замыг засварлах төлөвлөгөөтэй байна.