С.Бямбацогт: 2023 оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 1.7 сая, агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлэсэн
“Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног” олон улсын форумын өнөөдрийн хоёр дахь хэлэлцүүлэг яг одоо өрнөж байна. Үүнээс өмнө Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улс ба бүс нутгийн тээврийн холболт” сэдвээр илтгэл танилцуулав.
Тэрбээр илтгэлдээ Орчин цагт тээвэр нь олон улсын харилцааны нэгэн чухал гүүр болж, тогтвортой хөгжье гэвэл тээвэр логистикоо хөгжүүлэх ёстой. Монгол Улсын эдийн засаг оны эхний есөн сарын байдлаар эдийн засаг 6.7 хувиар өсөж, 2023 онд 11.3 тэрбум ам долларын экспорт хийгээд байна. Үр дүнд зам, тээврийн сэргэлт, тээвэр логистикийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэж байна. Зам, тээврийн салбарт 74 хувийн өсөлт гарлаа.
Тодруулбал, 2023 оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 1.7 сая, агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлэжээ. Үүнээс агаарын тээврийн олон улсын зорчигчийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.5 дахин, орон нутгийн зорчигч 27 хувиар өссөн байна. 2023 оны ачаа тээврийн өсөлтөд төмөр зам 31 хувиар, автотээвэр 2.3 дахин өссөн үзүүлэлт голлон нөлөөллөө.
Сүүлийн арав гаруй жилийн дунджаар манай улс жилд 50 сая тонн ачаа тээвэрлэдэг байсан. Харин энэ онд ачаа тээвэр хоёр дахин өсөж, түүхэндээ байгаагүй өндөр буюу 100 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Экспорт нэмэгдэж, тээврийн салбар өссөний үр дүнд гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам доллар боллоо. Энэ бүх тоон үзүүлэлт, өсөлт, тэлэлтийн ард зам тээвэр, логистикийн салбарын хувь нэмэр томоохон жин дарж байгаа нь маргашгүй үнэн. Монгол Улс 2030 он гэхэд экспорт, импортын ачаа тээвэр, нутаг дэвсгэр дээгүүрээ дамжин өнгөрөх тээврийн нийт хэмжээг 300 орчим сая тонн болгож 4-5 дахин нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.
Бүс нутгийн улс орнуудын хөгжлийн ялгаатай түвшин, нөөц боломж, газарзүйн байршил, геополитикийн нөхцөл байдал, техник технологи, инновацийн харьцангуй байдал нь бидний өмнө тулгамдах томоохон сорилт болохоор байгаа хэдий ч энэ сорилтыг хамтын хүчээр даван туулж, бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэхийн төлөө хамтын хүчин чармайлт, оновчтой шийдлийг гаргаж, хамтран зүтгэхийг та бүхэнд уриалж байна” гэв.