Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны туршлага солилцох уулзалт боллоо
2023.11.20

Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны туршлага солилцох уулзалт боллоо

Нийслэлийн Улаан загалмайн зөвлөл, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны туршлага солилцох уулзалтыг 9 дүүргийн хамтаар Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Улаан загалмайн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Австрали болон НҮБ-ын дэргэд зохион байгуулагдсан хурлуудад орон нутгуудыг дэмжиж, бие даан асуудлаа шийдэж, хөгжих боломжоор хангах суурь зарчимтай ажиллах нь чухал болохыг онцолж байсан. Энэ утгаараа байгалийн гамшгаас хамааралгүйгээр нийгэм эдийн засагт өртөөд буй асуудлыг орон нутаг өөрөө шийдвэрлэж, тогтвортой өсөж хөгжих боломжийг бүрдүүлэх нь чухал юм. Мөн гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлж, хүмүүнлэгийн үйлст иргэдийг оролцоо болон хяналтыг нэмэгдүүлж, зөв зүйтэй санаачлагыг дэмжин манлайлж ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.

Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Монголын Улаан загалмай нь төрдөө хүмүүнлэгийн чиглэлээр тусалж, хамтран ажилладаг үндэсний байгууллага юм. Энэ хүрээнд нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмай хороодтой идэвхтэй хамтран ажиллаж байна. Байгалийн гамшиг, болзошгүй аюулт үзэгдлээс иргэдээ хамгаалах, бэлэн байдлыг хангаж, мэдлэг мэдээлэлтэй байхад бид туслах үүрэгтэй. Мөн өсвөр үеийн залуучуудыг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд сургаж, нөөц хүчийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Аюулт гамшиг үзэгдлээс хохирол багатай, иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж, урьдчилан сэргийлж, зөв тооцон хариу арга хэмжээгээ төсөвлөж чаддаг байх чухал юм” гэлээ.

Уулзалтын хүрээнд нийслэлийн 9 дүүрэг хийж хэрэгжүүлж буй ажлын тайлангаа танилцуулж, санал мэдээлэл, туршлага солилцлоо.