"Монгол мал" хөтөлбөр гишүүдийн 79.5 хувийн дэмжлэгийг авлаа
2010.04.23

"Монгол мал" хөтөлбөр гишүүдийн 79.5 хувийн дэмжлэгийг авлаа

Өчигдөр үдээс хойш чуулганаар "Монгол мал" үндэсний хөтchuulgan_2007өлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг өчигдөр УИХ-ын үдээс хойших хуралдаанаар хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир танилцуулсан юм. Тэрээр мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлыг энэ хөтөлбөр багтаасан болохыг дурдаж байв. Түүнчлэн малыг бүртгэлжүүлэх, мэдээллийн сан байгуулах, бүс нутгийн мал сүргийг малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малчдын сайн дурын үндсэн дээрх хоршооны талаар ч хөтөлбөрт тусгагдсан болохыг онцолсон.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уг хөтөлбөрийг дэмжиж байгаагаа хэлээд мал эмнэлэг, үржлийн албаны зохион байгуулалтын талаар саналаа хэлсэн. Нэлээд орон тоо, төсөв мөнгө оролцсон ажил болох юм биш үү энэ тал дээр хэмээгээд тухайн үед нь төрөөс дэмжсэн бодлого явуулж болохгүй юу гэлээ.

Үүнд Д.Балдан-Очир гишүүн хариулахдаа, сумдад мал эмнэлэг, үржлийн албаны чиглэлээр ажиллахдаа төрөөс дэмжлэг авах нь үнэхээр ач холбогдолтой гэдгийг олон талын судалгаа, туршлагын үндсэн дээр хийгдсэн зүйл гэв. Тухайлбал, малын үржил селекцийн ажил шинжлэх ухааны үндэстэй байна уу, үгүй юу зэргийг хянах төрийн хяналт алдагдаад байгаа, энэ тал дээр олон судалгаа шинжилгээ байдаг гэж ярилаа.

Д.Оюунхорол гишүүн Сангийн сайдаас мөн өмнөх асуултаа тодотгон асууж, хөрөнгө мөнгөнийх нь талаар тодруулга хийлээ. Түүний асуултад Сангийн сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайд Т.Бадамжунай нар хариулсан.

Хууль санаачлагчийн хувьд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайдын хариулттай санал нийлэхгүй байгаагаа хэллээ. Тэрээр, Сангийн сайдын хариулснаар бол, энэ тохиолдолд “Монгол мал” хөтөлбөрийг бид бараг хэлэлцэх шаардлага байхгүй боллоо шүү дээ, нөгөө олон хэрэгждэггүй хөтөлбөрийн нэг нь болох гээд байна, ямар ч тооцоо судалгаагүй болж хувирах гэж байна гэв.

Харин Сангийн сайд, бүх төсөл, хөтөлбөрт бид тооцоо судалгаа хийх ёсгүй. Санаачлагчид өөрсдөө тооцоогоо хийдэг. Тэрнээс хууль санаачилсан болгоны тооцоо судалгааг хийнэ гэсэн дэгийн тухай хууль байхгүй гэж байлаа. Гишүүн Ц.Даваасүрэн тэгж болохгүй ээ, Засгийн газар энийг хийхгүй тэгээд хэн хийхэв, УИХ-ын гишүүд хийх юм уу гэхэд УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир хаана, хаанаас санал авч, чухам юу тусгаснаа хэлж, бүх зүйл процедурын дагуу явагдаж байгааг хэлсэн. Засгийн газар энэ хөтөлбөрийн ач холбогдлыг үнэлж байгаагаа ч бидэнд хэлсэн шүү дээ хэмээсэн.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг төсөл санаачлагчаас хоёр гурван асуулт асууя гээд өмнөх системийн үед хэрэглэгдэж байсан тогтолцоог бүрэн унагасан гэж байна, тэгэхээр хөтөлбөр хэрэгжих хугацаанд ямар төрлийн бүтээгдэхүүн, түүхий эдийг ямар хүрээнд, ямар оронд гаргах вэ гэдэг нь харагдахгүй байна, уг нь энэ талаас нь дэмжих ёстой гэж байлаа.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, чуулганд асуудал оруулахдаа сайдууд өөр өөр талаас нь ярьж байна, хоёр талаас өөрөөр тайлбарлаж байна, үдээс өмнөх хуралдаан дээр мөн ийм байдал ажиглагдсан, энэ бол Засгийн газрын хариуцлагагүй байдал шүү хэмээн анхааруулсан.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлээд, малчдын хөдөлмөрийг үнэлж байх ёстойг онцлов. Мөн төсөл санаачлагчдаас малчид руугаа хандсан бодлого чинь алдагдаад ирвэл энэ Монгол улс ямар байдалд орох вэ, энд нэг хариулт өгөөд орхи гэлээ. Энэ үеэр Спикер гишүүдийг ”та нар өөрсдөө хууль санаачилж оруулж ирчихээд өөрсдөөсөө эргээд асуугаад байгаа нь логикийн хувьд ямар вэ хэмээн сануулж, гишүүдийг бяцхан чимхээд авав.

Я.Батсуурь гишүүн хөтөлбөрөө дэмжихийг бусдаасаа хүсээд, асуудлыг мөнгөөр зодож, бардаж шийддэгээ боливол таарна гэв. “Шинэ Улаанбаатар” төслийг бас л “шинэ баян цээж өвчтэй”-н жишгээр шийдсэн. Одоо энэ хөтөлбөрийг тийм маягаар ярих хандлага байна шүү гэв.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, сүүлийн үед нэг их том том хөрөнгө мөнгө яригдсан төсөл, хөтөлбөр орж ирж байгааг хэлээд төрийг тооцоотой шийдвэр гаргасан гэж ард иргэд үздэг. Миний мэдэхээр хоёр хөтөлбөрт 20 наяд гаруй хөрөнгө зарах юм байна.Тэгэхээр хаанаас үүнийг тооцсон бэ, ард түмэнд зөв ойлгуулахгүй бол дараа нь хүлээж биднийг авахгүй ээ гэв. 2021 он хүртэл хэрэгжих хоёр үе шаттай, энэ хөтөлбөрийг байгаа боломж дээрээ тулгуурлан хөл дээр нь босгох зорилго тавьсан, Голланд өвчнөөс аль болох зайлсхийсэн хэмээн энэ үеэр төсөл санаачлагчид ярьж байлаа.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл сүүлийн үед яригдаад байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүү, эдийн засгийн тооцоо судалгааг нарийвчлан гаргаж ирэхийг Засгийн газарт үүрэг болгож, холбогдох хоёр байнгын хорооны даргад энэ тал дээр хяналт тавихыг хуралдааны үеэр онцлон даалгасан. Үүний дараа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Сэдванчиг танилцуулахад гишүүд асуулт асууж, зарим нь саналаа хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр хөтөлбөрийг ямар хугацаанд, хэрхэн яаж боловсруулж оруулж ирснийг сонирхоход гишүүн Ц.Сэдванчиг хариулт өгч байлаа. Тэрээр бэлчээрийн асуудлыг шийдэх, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний талаарх иж бүрэн зүйл тусгагдсан гэж бид ойлгож байгаа. Харин биелүүлэх тухайд яригдах зүйлүүд мэдээж байгаа гэсэн. Хөтөлбөрийг улам боловсронгуй болгох, холбогдох асуудалтай уялдуулан шийдэх зүйлүүд ч их байгаа гэсэн юм.

Гишүүн Ж.Сүхбаатар энэ хөтөлбөрт төрийн оролцоо ямар түвшинд байх юм бэ, малчин гэдэг чинь өөрөө малаа хариуцаад аваад явж байгааш дээ, хот суурин газарт байгаа мал, малчны асуудал яаж тусав гэхчлэн нэлээд чухал асуудлууд хөндсөн. Санхүүжилтийн асуудал үнэхээр анхаарал татаж байгааг ч тэрээр хэлж байлаа.

Ц.Даваасүрэн гишүүн хуралдааны үеэр “Монгол мал” хөтөлбөр санхүүгийн хувьд ч, бодлогын хувьд ч хэрэгжих ёстой хөтөлбөр. Үүнд Засгийн газрын гишүүд хариуцлагатай хандах ёстой, УИХ хяналтын механизмаа дээшлүүлье. Их хурлын гишүүд хууль санаачлахад хайхрамжгүй хандаж байдаг тийм юм байх уу гэж байлаа.

Гишүүн Ш.Сайхансамбуу хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлж, үр дүнд нь монгол мал эрүүлжих юм байна, удам угсааг нь ч мөн сайжруулах юм байна. Гэхдээ хэрхэн яаж гэдэгт тайлбар өгөхийг хүссэн. Тухайлбал, малын эмчилгээнд зориулагдах эм тарианы асуудлыг яаж шийдэх гэж байгааг тэрээр сонирхож, энэ талаарх үндэсний үйлдвэр байх хэрэгтэйг онцолсон. Малын үүлдэр, удам угсааг сайжруулах, энэ тал дээр эрдэмтэн мэргэд, шинжлэх ухааны байгууллагуудтай яаж уялдан ажиллах тухай төсөл санаачлагчдаас тэрээр асуусан. Малчид биднийг энэ хөтөлбөрийг яаж хэлэлцэх нь вэ гээд анхааралтай ажиглаж байгаа хэмээн гишүүн анхааруулж байв. Ингээд гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлтээс асуулт асууж дуусахад санал хэлэх гишүүд олон байгаа нь харагдсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Р.Гончигдорж нар хөтөлбөрийн хувь заяаны талаар үгээ хэлсэн бол Сангийн сайд С.Баярцогт “Монгол мал” хөтөлбөрийн санхүүжилтийн талаар тайлбарлаж, андуу ойлголт яваад байгааг залруулан хэлж байв. Ингээд Спикер уг хөтөлбөрийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 79.5 хувийн саналаар дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.