Хүний эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах бодлого, хэрэгжилт тасралтгүй үргэлжилж байх ёстой
2023.12.08

Хүний эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах бодлого, хэрэгжилт тасралтгүй үргэлжилж байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриан дор зохион байгуулж буй “Хүний эрхийн үндэсний форум-2023” арга хэмжээ Төрийн ордонд болж байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан ХЭҮК-оос хүний эрхийг хангах, хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын олон талын оролцоотойгоор хүний эрхийн тулгамдаж буй асуудалд шийдэл олох, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж буй тус форум нь “Хүний эрх ба цахим хөгжил”, “Хүний эрх ба тэгш байдал”, “Хүний эрх ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлгээр өрнөж буй. Тус арга хэмжээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын 500 гаруй төлөөлөл оролцож байна.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх форумд оролцогсдод амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уламжиллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах тогтолцоо, бодлого, хэрэгжилт нь тасралтгүй үргэлжилж байх ёстой гэж үздэг бөгөөд энэ чиглэлээрх зөв зүйтэй санал санаачилгыг бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах тогтолцоог өөрийн орны эрх зүйн өвөрмөц онцлогийг харгалзан боловсронгуй болгох, хүний эрхийг баталгаатай хангаж байхын төлөө төрийн байгууллага, албан тушаалтнууд цаг ямагт хичээж ажиллах нь чухал байгааг тэмдэглэжээ.

Эх нялхас, хүүхдийн язгуур эрх, ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт хангаж байх, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, байгаль орчноо хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах чиглэлд дорвитой ахиц гаргах шаардлагатай. Мөн кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүний эрхийн зөрчилтэй тэмцэх, зөрчигдсөн эрхийг сэргээх эрх зүйн орчныг олон улсын сайн туршлагад үндэслэн бүрдүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна. Нөгөө талаар иргэн бүр эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдлыг сахиж, бусдын эрхийг хүндэтгэн, хэв журмыг чанд баримталж байх, хүмүүнлэг, энэрэнгүй, сахилга, хариуцлагатай, зохион байгуулалттай нийгэм бүтээхийн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг уриалжээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мөн үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс 1992 оны ардчилсан Үндсэн хуулиндаа хүний эрхийг дээдлэх, өмчлөх эрхийг зөвшөөрөх, хүн бүр чөлөөт сонголт хийх эрхийг нээх зэргээр иргэний болон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийг баталгаажуулсан. Үүнээс хойш 30 жилийн хугацаанд хүний эрхийн асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, сайжруулах, ардчилсан нийгмийн бүтцийг байгуулах ажлууд эрчимтэй хийгдсээр ирсэн. Монгол Улс хүний эрхийг хангах, эрх чөлөөг дээдлэх чиглэлээр олон улсад, тэр дундаа Ази тивд дээгүүрт орж буй. Өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллагуудын индексээр бид хаана байгаагаа хэмжиж ирсэн. Тэгвэл өнгөрсөн онд 21 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүний эрхийн нөхцөл байдал, зөрчил ямар байгааг баримтжуулан, арга хэмжээ авч сайжруулахын тулд анх удаа Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнаж, илтгэж эхэлсэн.

Цаашид Засгийн газраас батлагдсан хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа хууль тогтоомж, НҮБ-ын Хүний эрхийн чиглэлээрх байгууллага, тусгай илтгэгч нарын гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарч ажиллана. Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулах, хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгоход анхаарна. Монгол хүн бизнес эрхлэх, чөлөөтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн харилцааг журмаар зохицуулдаг байдлыг хязгаарлаж, нийт батлагдсан журмын тоог хоёр дахин бууруулах багц ажлыг хийнэ” гэв.

Форумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Европын Холбооны Төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байгаа юм. Ташрамд дурдахад, ХЭҮК жил бүрийн 12 дугаар сарын 10-нд тохиодог Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хүндэтгэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, үр нөлөөг үнэлэн дүгнэж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, ахиц дэвшил гаргах зорилгоор Ерөнхийлөгчийн ивээл дор Хүний эрхийн үндэсний форумыг 2005 оноос хойш зохион байгуулж ирсэн уламжлалтай.