Герман улстай авто тээврийн болон агаарын харилцааны хэлэлцээр байгуулна
2023.12.12

Герман улстай авто тээврийн болон агаарын харилцааны хэлэлцээр байгуулна

ХБНГУ-аас Монгол Улсад суух Элчин сайд ноён Хэльмут Кулитцтай уулзлаа. Ирэх онд Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно.

Герман нь тээвэр логистикийн салбарын хөгжлөөр дэлхийд дээгүүрт ордог улс. Тиймээс авто замаар зорчигч, ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2024 оны нэгдүгээр сард багтаан байгуулахаар тохирлоо.

Үүний үр дүнд өнөөдөр ердөө 200 сая ам.доллар байгаа хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Мөн Open Sky агаарын харилцааны хэлэлцээр байгуулах санал тавилаа.

Өнөөдөр манай улс БНСУ-руу долоо хоногт 80, Бээжин рүү 42, Турк руу 34 гэх мэт олон давтамжтай нислэг үйлдэж байгаа бол Европ руу ганцхан Франкфурт хот руу долоо хоногт тавхан удаа нисэж байна. Тиймээс Агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, ХБНГУ-ын ФРАНКФУРТ, БЕРЛИН, МЮНХЕН гэсэн гурван хот руу ямар нэгэн хязгаарлалтгүй, ОЛОН ДАВТАМЖТАЙ нислэг үйлдэхийг чухалчилж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан