Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамд бараалхлаа
2024.01.16

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамд бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамтай уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалаар тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход хоёр тал нягт хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Зүүн өмнөд Ази дахь чухал түнш болох Сингапур Улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгдгөө цохон тэмдэглэлээ.

Түүнчлэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсын онцлогт тохируулан нэвтрүүлэх ажил амжилттай хэрэгжүүлж буйг сайшаан тэмдэглэж, цаашид Сингапур Улсаас Төрийн орон сууцжуулалтын туршлагаас суралцаж, Монгол Улсын нөхцөл байдал, газар зүйн онцлог, уур амьсгал, санхүүгийн чадамжтай уялдуулан хот байгуулалт, орон сууцны төлөвлөлт, загвар, технологи, менежментийг нутагшуулах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх боломжийг судалж, аялал жуулчлал хөгжүүлэх хэлбэрээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжийн талаар санал солилцов.