Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 14-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 508039 толгой мал хорогдсон, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байна.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Мал аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай давахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгоод шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, малчдад туслах аяныг аж ахуйн нэгж болон олон улсын байгууллага, гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулж, олон нийтэд уриалга гаргах, малчдыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон малчдын судалгааг гаргаж, малжуулах, нийгмийн хамгаалал болон халамжийн төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах, орон нутгийн төсвийн давсан орлогыг малчдад туслах арга хэмжээнд зарцуулах зэрэг ажлыг зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Түүнчлэн, импортын зарим барааг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.