ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТӨМӨР ЗУД БОЛЖ БАЙНА
2024.02.23

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТӨМӨР ЗУД БОЛЖ БАЙНА

Жаргалант суманд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байна. Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран эрсдэлийн үнэлгээ хийхэд Төмөр зудын нөхцөл байдал үүссэн гэж үнэлэв.

Ямар ч мал хөр цасыг малтаж өвс тэжээл олж идэх боломжгүй байна. Сумын төв рүү гөрөөс зэрэг ан амьтад орж ирсэн. Сумын нийт малын гуравны нэг нь отроор гарсан. 80 орчим мянган мал бэлчээрлэх боломжгүй байнгын тэжээлд орсон. Муудсан малаа бэлчээрлэх боломжтой газар луу тээвэрлэж эхэлжээ.

Малчид 98 мянган мал нядалж, 500 орчим тонн мах бэлтгэсэн. Одоогоор 200 тонн мах малчдад байна. Өнөөдрийн байдлаар 17,0 орчим мал хорогдож, малын хорогдол 6 хувьд хүрсэн.

Улсын нөөцөөс 2000 уут тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад өгсөн. Сумын нөөц бүрэн дуусаад байна. Тариалан сумаас 3000 боодол өвс авахаар захиалга өгсөн. Зам хаагдсан учир өвсөө татаж авах боломжгүй болоод байна.

Аймгийн Онцгой комиссоос 7.5 тонн хивэг хөнгөлөлттэй үнээр авч отрын малчдадаа өгч байна. Сумын шуурхай штаб 2 зам давааг нээгээд байна. Зам нээсэн ч 2-3 хоногт эргээд цасанд боогдож, хаагдаж байна. 10 орчим хоногийн эрчимтэй үйл ажиллагаа зохион байгуулбал дулаарч цаг агаар сайжрах төлөвтэй байна. Шуурхай штабаас Зил 131 машиныг нэмэлтээр гарган өгч, шатахуун, тослох материалыг шийдвэрлэлээ.

Энэ оны 3 дугаар сарын 20 хүртэл сумандаа өвөлжиж байгаа малыг тэжээх шаардлагатай тул 160 тонн буюу 8000 боодол өвс, 6400 уут хивэг тэжээл шаардагдана. 18500 литр шатахуун шийдэж зам харгуйг нээх шаардлагатай. Сум давсан орлого болох 185 сая төгрөгийн зарцуулах эрхийг яаралтай нээх хэрэгтэй байна. Үүний 80 орчим саяыг зудын хариу арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөлөө.

Шар усны үерээс хамгаалахад 5 орчим сая төгрөг, бусад үйл ажиллагаанд 35 сая төгрөг шаардлагатай. Малчдын гар дээр байгаа махны борлуулалтад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцахаар боллоо. Тариалангийн талбайгаас татах 300 боодол өвсийг татах тээврийн зардал 38 сая төгрөгийг шийдвэрлэх хэрэгтэй байна. Зэрлэг амьтдыг тэжээх өвс тэжээлийг шийдвэрлэх асуудлыг аймгийн Онцгой комиссын хуралд танилцуулж шийдвэр гаргана.

Мал эмнэлгийн хүрээлэнгээс малын туруунд түрхэх бэлдмэл, муудсан малыг тэжээх сэргээх зөвлөмжийг малчдад өгч ажиллахаар боллоо. Мөн хүн эмнэлгийн баг Жаргалант суманд үргэлжлүүлэн ажиллана.