2024.05.21

ЭРҮҮЛ БИЕ, САРУУЛ УХААНТАЙ “ИРГЭД” ЭХ ОРНЫ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо зөвхөн “эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах вэ” гэдэгт анхаарал хандуулсаар ирсэн. Нэг ёсондоо, хүнийг өвдсөнийх нь дараа “хэрхэн эмчлэх вэ” гэх бодлого боловсруулснаас, яавал өвчлүүлэхгүй байх вэ гэдгийг орхигдуулсан нь нууц биш.

Халдварт болон халдварт бус өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байна. Хувийн эмнэлгүүдийн тоо нэмэгдэж, өвчтөн эмчлэх орны хүрэлцээ өссөн хэр нь эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмжид иргэд сэтгэл дундуур байгаа нь эрүүл мэндийн салбарт суурь судалгаа, шинжлэх ухаанч бодлого дутмаг байснаас үүдэлтэй. Өвдсөн хойно нь санхүүгийн дарамт учруулж эмчилдэг бус эрүүл байлгахад чиглэсэн оновчтой бодлогуудыг зөв системийн дор явуулахыг л Нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн “бодлого” гээд байгаа юм.

“Эрүүл биед, саруул ухаан оршино” гэх ардын үг бий. Эрүүл ирээдүйг цогцлоох нь эх орны хамгийн “том” баялаг. Иймд бид БШУЯ-тай хамтран сургуульд суурилсан эрүүл мэндийн эрт илрүүлгийн тандалтын тогтолцоог бий болгосон. 2024 оны хичээлийн жилээс эхлэн ЕБС-аар дамжуулан сурагчдын ЭМ-ийг давтамжтайгаар тогтмол хянаж, шаардлагатай хүүхдүүдэд ЭМ-ийн дараагийн шатны тусламжийг үзүүлж, эрт үед нь оношилж, эмчлэх боломжтой болсон. Нэг үгээр хэлбэл, хүүхэд тухайн насандаа ямар өвчлөлд орох эрсдэл байна түүн рүү нь чиглэсэн үзлэгийг хийж хэвшүүлэх нь эрүүл үндэстнийг бий болгох үндэс суурь хэмээн харж байна.

Түүнчлэн эрүүл мэндийн боловсрол олгох тусгай багшийг МУБИС болон АШУҮИС-тай хамтран бэлтгэж эхэлсэн. Нэг ёсондоо, хүүхдүүд маань сургуулиараа дамжуулаад эрүүл мэндээ тогтмол хянуулах боломжтойн дээр, нас, бие физиологийн онцлогт таарсан эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг мэргэжлийн багшаасаа суралцаад явах боломжтой боллоо.

Монгол Улсын хөгжлийг чиглүүлэн, залж явах ирээдүйн иргэд бие бялдар, сэтгэл санааны хувьд өвчин, эмгэгтэй байж болохгүй!

АНУ-ын Вашингтоны ИС-ийн судалгаанд, Монгол хүний эрүүл мэндэд дарамт учруулж буй тэргүүлэх таван шалтгааныг гаргасан байдаг. Үүнд: архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, дутуу төрөлт, агаарын бохирдол, артерийн даралт ихсэлт, тамхидалтыг дурьдсан. Тэгвэл нэн тэргүүнд гэж эрэмбэлэгдсэн согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний асуудалд ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ? гэх асуулт гарч ирнэ. Иргэд согтууруулах ундааг ямар учраас хэтрүүлэн хэрэглээд байна, согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн жилүүдэд ямар түвшинд явж ирэв, юуны учир нэг хүнд ногдох спиртийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрчхэв гэхчлэн, асуудлыг олон талаас нь харж, архины хэрэглээгээ өндөр хувиар бууруулж чадсан ОУ-ын сайн туршлагад үндэслэн судалгаа явуулсны дүнд бодлого боловсруулагдсан юм.

Энэ хүрээнд, Монгол Улсын Ерөнхийлөгч 43 дугаар зарлиг гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг ЗГ-т чиглэл болгосноор, УИХ-аар 2022 оны 07 дугаар сард “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Онцгой албан татварын тухай хууль ОАТТХ”, “Засгийн газрын сангийн тухай хууль” зэрэг дагалдах 10 гаруй хуульд өөрчлөлт оруулснаар 2023 оны 01 дүгээр сараас хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Энэ нь сүүлийн 20 жилд хийгдээгүй хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлт болсныг хэлэх нь зүйтэй. Мөн эдгээр хуулиуд хэрэгжсэнээр манай улсад анх удаа архины хэрэглээ “буурсан” үзүүлэлт гарсан. Энэ бол ЗӨВ бодлогын үр дүн. Эдгээр хуулийн өөрчлөлтөөс гадна нөлөөллийн ажлуудыг хийх нь өндөр үр дүнтэй байсныг судалгаанаас харж болно.

Эрүүл зан үйл, амьдралын зөв хэв маягтай нэг үеийг бий болгох зорилгын хүрээнд Хан-Уул дүүргийг сонгон “Эрүүл-Эко” жишиг дүүрэг болгож, загвар бодлогуудыг тодорхойлно.

Хүүхэд залуусын архины хэрэглээг багасгах, архинд донтох эмгэгтэй болох эрсдэл бүхий хүмүүсийг илрүүлж, эрүүл зан үйл рүү чиглүүлэх. Мөн эрүүлжүүлэх байраар үйлчлүүлж буй иргэдэд сэтгэл зүйн туслалцаа өгөх зэрэг эрсдэлт бүлгүүдээ тодорхой болгоод, тэдгээр хүмүүсийг эрүүл зан үйл рүү шилжүүлэх нь цогц бодлогын нэг хэсэг юм. Эдгээр ажлыг эхний ээлжид Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлж жишиг дүүрэг болгохоор зорьж, дүүргийн эрүүл мэндийн төв дээр донтох эмгэгтэй хүнийг эмчлэх “тасаг” байгуулсан. “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэж буй бодлогууд эхнээсээ “эерэг” үр дүнг харуулж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан