ХОТЫН ДАРГА ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ 9-Р САРД НЭЭХ ТАЛААР ЧИГЛЭЛ ӨГӨВ
Сонгинохайрхан дүүрэгт Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар дээр нүхэн гарц хийх ажил үргэлжилж байна.
Өнөөдөр /2024.08.03/ Таван шарын гарамын нүхэн гарцын байгууламж дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар болон төсөл хэрэгжүүлж буй ААН, туслан гүйцэтгэгч байгууллагын удирдлагууд ажиллалаа.
Тус байгууламжийн гүйцэтгэл ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас удаашралтай байгаа бөгөөд хотын удирдлагууд төсөл хэрэгжүүлэгч ААН-ын төлөөллүүдэд цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг 9 дүгээр сар гэхэд нээх тал дээр анхаарч ажиллахыгНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар үүрэг болголоо.
Нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр ба Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн нүхэн гарцаас хамгийн том нь бөгөөд 4 тунелтэй. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор Улаанбаатар хотоос баруун зүгт гарах автомашины урсгал саадгүй болж түгжрэлийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Мөн Улаанбаатар төмөр замын зорчих хөдөлгөөний урсгал нэмэгдэж авто замын сүлжээтэй давхцахгүй болох юм.