ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ МЭДСЭН ХҮН ӨНДӨР БҮТЭЭМЖИЙГ БИЙ БОЛДОГ
Ч.Гансүх "Focus on the Family-Mongolia" Хамтын ажиллагааны захирал
2024.08.09

ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ МЭДСЭН ХҮН ӨНДӨР БҮТЭЭМЖИЙГ БИЙ БОЛДОГ

“Бүх мэргэн ухааны эхлэл нь өөрийгөө таньж мэдэх нь юм.” Аристотель 

Удирдагч хүний 11 эрхэм чадвар, Амжилтад хүрэх 10 алхам, Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал гэх мэт ном, гарын авлага уншиж, дасгал хөдөлгөөн байнга хийж, иога, бүжигт хамрагдсанаар манлайлагч, удирдагч, бүтээмжтэй, амжилттай нэгэн болох тухай ойлголт, соёл бидний эргэн тойронд үйлчилж байсан. Харин орчин цагт хүн амжилттай ажиллаж, өөрийн байгаа орчин цаашлаад улс, нийгэмдээ өөрчлөлтийг гаргахын тулд тухайн хүн өөрийгөө хэн бэ? гэдгийг таньж мэдэх нь чухал болсон.

Боловсролыг эрхэмлэгч хөгжингүй, өндөр хөгжилтэй дэлхий олон улс орнууд энэ хэв маяг, арга барил руу шилжиж, үр дүн нь нүднээ ил харагдаж байна. Манай улсад ч хүн бүр, тэр дундаа олон нийтийн албан тушаалтан, нийтийн алба хашиж буй хэн боловч өөрийгөө таньж мэдэх нь хамгийн чухал болсон. Нэг үгээр хэлбэл хэн ч бай өөрийгөө эргэн харж, өөрийгөө таних гэсэн үг. 

Хүн өөрийгөө ойлгож байж, өөрчлөлтийг бий болгодог.

Удирдагч хүн өөрийгөө таньж мэдэх нь бүх өөрчлөлтийн эхлэл болдог. Ялангуяа удирдагч, манлайлагч хүн өөрийгөө таньж мэдсэнээр байгууллага, хамт олон, цаашлаад улс оронд өөрчлөлт ирдэг. 

Хүн өөрийн онцлогийг таньж мэдсэнээр амжилтанд хүрдэг.

Дээд боловсролтой мянга мянган залуус дипломтой ажилгүйчүүдийн эгнээг бий болголоо гэж сүүлийн олон жил та бид ярих болсон. Судалгаагаар их дээд сургууль төгсөж байгаа мэргэжилтэй боловсон хүчнүүдийн 70% нь сонгосон мэргэжлээрээ ажилладаггүй байгаа юм. Үүний гол шалтгаан нь өсвөр насныхан мэргэжлээ сонгохдоо өөрийгөө таньж мэдээгүй, давуу сул талаа ойлгоогүйтэй холбоотой болохыг мэргэжилтнүүд хэлдэг. 

Өсвөр насныхан мэргэжил сонголт хийхдээ өөрийгөө таньж мэдэх, өөрийнхөө зан төлөв, дотоод хүнийхээ чадамжийг тодорхойлж мэдсэнээр ирээдүйн чадварлаг хүний нөөц болох юм. 

 

Хүн бүр удирдагч, манлайлагч, чадварлаг гүйцэтгэгч эсвэл сайн илтгэгч байх албагүй. Харин өөрийн онцлог, чадвар, давуу талаа таньж мэдсэнээр ирээдүйгээ сайнаар бүтээж, өөрийн тойрон хүрээлэгчидтэй сайн багийг бүрдүүлж чадна. Түүнчлэн нийгмийн хамгийн бага нэгж болох гэр бүлүүд ч эрүүл харилцаатай байхын тулд гэр бүлийн гишүүн бүр онцлог, чадвараа танин мэдэж, салалт, үл ойлголцол гэх мэт асуудлууд шийдэгдэж, нийгэм эрүүлжих боломжтой юм. 

Нийгмийн сэтгэл зүй эрүүл болсоноор бид зөв хүнийг сонгох, зөв удирдагчийг таньж мэдэж чадсанаар улс төр, нийгэм төдийгүй олон нийт, улс орны хөгжилд өндөр бүтээмжийг бий болгож чадах юм.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn