2024.08.19

Ширээний теннис хөдөлгөөн ба тархийг зэрэг ажиллуулдаг төгс спорт

Төв аймгийн Зуунмод хотод төрж өссөн, аав, ээж хоёр маань шүүгч мэргэжилтэй маш завгүй хүмүүс байлаа. Тухайн үед аав, ээжийнхээ ажлын газарт очиж, харуул, хамгаалалтын ажилтан ахаар бөмбөг давуулахыг заалгаж, 7 настайдаа ширээний теннис тоглож эхэлсэн. Үүнээс хойш 20 жил энэ спортоор хичээллэж, 1-р зэргийн тамирчин болсон. Намайг хүүхэд байхад манай аймагт ширээний теннисний дугуйлан, секц байгаагүй, харин ширээ байсан. Би тавдугаар ангиасаа эхлэн, найзуудтайгаа шил цуглуулж, тушаагаад 500 төгрөгөөрөө подвалд теннис тоглож, энэ спортод маш дуртай болсон. Подвалын теннисчид аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээний эхний зургаан байрыг эзэлж, аймгийнхаа аваргуудыг “шоконд” оруулж явлаа.

Дараа нь аравдугаар ангидаа анх удаа улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнд оролцож, сайн тоглодог хүүхдүүдтэй өрсөлдөж, зооноос гарч хожигдсон. Гэхдээ өөрийгөө чамлаагүй, хэрвээ би 5-р ангиасаа мэргэжлийн багштай үүнийг эхлүүлсэн бол 2-3 дахин өсөх боломж байсан гэж хардаг. Үүнээс хойш ОХУ-д зургаан жил сурах хугацаандаа, ажлын гараагаа өөр салбарт эхлүүлсэн ч теннис тоглохоо зогсоогоогүй, өөрийнхөө хэмжээнд хөгжүүлсээр л байсан.

Намайг сурагч байхад суугаа ажлаасаа болж сахртай, зүрх судасны өвчтэй болсон манай байрны ах 1500 төгрөгөөр 3 цаг тоглох боломжийг бидэнд олгож, өөрөө 30 минут тоглодог байсан юм. Тэрээр 5 жил тасралтгүй теннисээр хичээллэсний үр дүнд сахрын өвчнөөс салсан, 20 кг хассан, дараа нь хүндийн өргөлтийн мастер болсон. Энэ бол ширээний теннисний ач холбогдол, үр дүнг амьдралаараа амссан нэг хүний жишээ. Энэ ахын оруулсан хөрөнгө оруулалтын үнэ цэнээр өнөөдөр би өөрийнхөө сонирхлыг амьдралын зорилго болгоод явж байна.

Дөрвөн жилийн өмнөөс эхлэн хүүхэд, залуучуудыг багаас нь ширээний теннисээр хичээллэж сурахад нь хувь нэмэр оруулахаар гурван ширээтэй “ӨСӨХ ОД” клубийг нээсэн. Өнөөдөр манай клуб “ЧУХАГ” спорт төв дээр 2 заалтай, сүүлийн үеийн мэргэжлийн ширээний теннисний хэрэгслээр бүрэн тоноглогдсон 10 ширээтэй, 10 багштай, сар бүр 150 орчим суралцагчидтай өдөр бүр тасралтгүй сургалт явуулж, өргөжин тэлж байна. Манай хамт олон теннисээр холбогдсон, эрч хүчтэй залуучууд бий. Саяхан л зөвхөн тамирчин болох хүн теннисээр хичээллэж, хүмүүс зугаа болгох гэж ажил дээрээ ганц нэг тоглодог байсан. Харин өнөөдөр цаг үеэ даган, хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, бүх насныхан теннисээр хичээллэж байна.

Тоглох тусам улам татагддаг, увдистай энэ спортод олон давуу тал бий. Оноо бүрд ялалт, ялагдал яригддаг учир ялж ялагдаж сурдаг. Мөн минут тутамд үр дүн гарч, дараагийн зорилгоо дахин тодорхойлдог. Бүх насныхан тоглох боломжтой, мэдрэмж хөгжүүлнэ, хараа сайжруулдаг, аюул багатай. Энэ спортоор хичээллэсэн хүүхдүүд сэтгэл зүйгээ удирдаж, тэвчээрт суралцаж, анхаарлаа төвлөрүүлэн, 2-3 нүүдлийн цаадхыг харж, хурдан шийдвэр гаргаж, сэтгэж чаддаг. Багаасаа суусан энэ зан чанар, амьдралынх нь туршид хэрэг болдог. Теннис тоглодог хүүхдүүд сагс, волейбол болон бусад спортод маш авьяастай байдаг. Иймд суурь спорт теннис байх нь их зөв гэж боддог.

Манай клуб айл бүрд теннисийг хүргэх алсын хараатай ажиллаж байна. Бид сургалтад хамрагдаж буй хүүхдүүдийнхээ зан төлөвийг олон улсын түвшинд хэрэглэдэг DISC сорилыг ашиглан тодорхойлж, хүүхэд нэг бүрийн онцлогт тохируулан сургалтаа явуулдаг. Ширээний теннис хөдөлгөө, тархи хоёрыг зэрэг ажиллуулдаг төгс спорт. Хүний баяр хөөрийг гормоныг хамгийн сайн ялгаруулдаг гэсэн судалгаа байдаг. Энэ спортоор хүн бүрийг хичээллэх боломж нөхцөлөөр хангахад, тус спортоор хичээллэж буй бид нар манлайлан ажиллах үүрэгтэй. Иймд манай клуб иргэдэд сарын турш өдөр бүр 1000 төгрөг төлөөд цагийн хязгааргүй тоглох боломж олгодог.

Хүмүүст эхнээс нь теннисийг зөв менежментээр сурахад нь зориулж мэргэжлийн багш нарын онлайн хичээл бэлтгэлээ. Мөн вэб сайт, апплекейшин хөгжүүллээ. Буруу техникээр тоглож сурсан хүнийг өөрчлөх хэцүү байдаг. Эхлээд зөв техникээ сур, дараа нь теннис тоглоорой. Хүүхдүүдээ ширээний теннисээр хичээллэх гэж буй хүмүүс, анхлан суралцагчид хамгийн багадаа 6 сар сурах зорилт тавьж, мэргэжлийн багшид хандаарай. Муу багш гэж байдаггүй юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn