СХД-ИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД ЯЗГУУР УРЛАГАА ТОЛИЛУУЛАВ
2024.08.05

СХД-ИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД ЯЗГУУР УРЛАГАА ТОЛИЛУУЛАВ

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” арга хэмжээний хамгийн сонирхолтой хэсэг бол Монгол туургатны Соёлын биет бус өв уламжлагчдын урлагийн тоглолт байдаг. Тэгвэл хүн амынхаа тоогоор нийслэлд хоёрт жагсдаг Сонгинохайрхан дүүргийн хувьд жил бүрийн “Даншиг наадам-Хүрээ цам” арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч оролцдог бөгөөд энэ удаа соёлын биет бус өв тээгч 32 өвлөн уламжлагч нар язгуур урлагийн тоглолт наадамчин олонд толилууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Д.Хуягбаатар дүүргийнхээ соёлын өргөөгөөр зочлох үеэрээ соёлын биет бус өвлөн уламжлагч нарт хандан “Та бүхэн бол соёлын үнэт өв, монгол үндэсний уламжлалт түүхийг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд гар бие оролцож, дэлхийн хаана ч байхгүй хүмүүжлийг хойч үедээ өвлүүлж байгаа.

Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирж өөрсдийнхөө авьяас билиг, үнэт цагаа зориулж буй та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ цаг үед хамт байж өв уламжлалаа дэлхийд таниулах соён гэгээрүүлэх их ажилд хамтран оролцож байгаа нь нэр төрийн хэрэг” хэмээн хэллээ.

Сонгинохайрхан дүүрэгт нийт 300 гаруй өвлөн уламжлагч амьдардаг бөгөөд тэдгээрийн зарим нь язгуур урлагийн биет бус өвийг 14 дэх үедээ өвлөн уламжилж байгаагаараа онцлогтой юм.